Завханд гарсан тарваган тахлын шинжилгээний хариу 48 цагийн дотор гарна
Завхан аймгийн Улиастай суманд өчигдөр, 7 дугаар сарын 25-нд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.
Энэ талаар аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдаж, тохиодлын эхний хавьтлын 9 хүнийг тусгаарлаж, хяналтад аваад байна. Тодруулбал, Улиастай сумын иргэн 39 настай Д нь 7 хоногийн өмнө тарваганы мах худалдан авч гэр бүлээрээ боодог хийж иджээ. Улмаар халуурсан, булчин, толгой өвдсөн шинж тэмдэгтэй дуудлага өгч, дуудлагын дагуу тухайн иргэдийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлааад байна.
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол илрэн бүртгэгдсэнтэй холбогдуулан Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг өчигдөр, 7 дугаарсарын 25-ны 21.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хаав.
Завхан аймгийн 17 сум тарваган тахлын голомттой байгаа юм. Иймд иргэд олуулаа нэг дор цуглахгүй, тарвага агнахгүй, тарваганы мах идэхгүй байх, хорио цээрийн дэглэмийг сайтар сахихыг анхааруулан сэрэмжлүүлж байна.
Зоонозын өвчин судлалын төв нэг, хоёрдугаар хавьтлыг тогтоон, шинжилж байна. Шинжилгээг өчигдөр, бямба гарагий 15:00 цагт авчээ. Шинжилгээний эхний хариу 48 цагийн дараа гарна.