З.Энхтөр: Сүхбаатар аймгийн хаанаас ч гар утасны сүлжээ барьдаг болгохыг зорьсон

2020 оны 5 сарын 27

Орчин үед гар утсанд амьдрал багтдаг болсон. Мэдээллийн технологи хөгжсөнөөр гар утас зөвхөн харилцаа, холбооны хэрэгсэл төдийгүй төлбөр тооцоо хийх, дуудлага худалдаанд оролцохоос эхлээд олон үүрэг гүйцэтгэх болоод байгаа. Сүхбаатар аймгийн Засаг дарга асан З.Энхтөр энэ чиг хандлагыг олж харж, аймгийнхаа нутаг дэвсгэрийг бүхэлд нь үүрэн холбооны сүлжээтэй болгох ажлыг эхлүүлж байжээ.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Засаг даргын хувьд тэрбээр үүрэн холбооны сүлжээний хамрах хүрээг нэмэгдүүлэх, аймгийнхаа бүх газар нутгийг гар утасны сүлжээнд бүрэн холбох том зорилт тавьж, таван цэгт ийм дэд бүтэц буюу антенн суурилуулж, цаашид үе шаттайгаар энэ ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Үүрэн холбооны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлснээр хөдөө орон нутагт зорчих иргэд болон малчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах үндсэн дэд бүтэц бий болно гэж үзсэн аж. Энэ бол З.Энхтөрийн Засаг даргаар ажиллахдаа хийхээр зорьсон гол таван ажлын нэг байв.

Энэ талаар тэрбээр “Хөдөөний малчин айл манай гэр рүү зам тавиад өг, манай гэрийг өндөр хүчдэлд холбоод аль гэж хэлдэггүй. Утсан холбоотой болмоор байна, сүлжээ оруулаад өг л гэдэг юм. Үүрэн холбооны сүлжээ гэдэг амин чухал хэрэгцээ болчихсон. Гар утас одоохондоо харилцаа холбооны хэрэгсэл байна. Банк санхүүгийн хэрэгсэл болж байна. Яваандаа бизнесийн маш том суваг болно. Малчид гар утсаараа ХАА-н биржийн арилжаанд оролцдож мал, мах, ноолуураа зардаг болно. 2016 онд Ганга нуур ширгэх аюул нүүрлэж тэнд байсан олон айлыг Харгилтайн гол руу нүүлгэе, Ганга нуураа хэдэн жил малын хөлөөс чөлөөлье гэж шийдсэн. Энэ талаар ярилцаж, малчидтай уулзаж байхад гар утасны сүлжээ орох газар бол хаана ч бууж болно гэдэг байсан.

Сүхбаатар аймаг тал нутгийн онцлогоо ашиглаж нутаг дэвсгэрээ бүрэн сүлжээнд хамруулах боломжтой. Өндөр уул цөөн тул хэдхэн цэг дээр антенн тавиад бүрэн сүлжээтэй болох боломж манай аймагт байгаа. 60 километрт нэг антенн тавина гээд тооцоход 20 өндөр уулан дээрээ антенн тавьчихад Сүхбаатарын хаана ч явсан гар утасны сүлжээ орно. Үүнийг бодлогоор дэмжээд өгөх ёстой. Энэ бол хүндээ чиглэсэн, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, цаг завыг хэмнэх ач холбогдолтой чухал ажил” хэмээн ярьсан юм.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын 21 аймгийн 330 сумын 1820 багийн малчин иргэд гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авдаг болсон. Онцгой байдлын ерөнхий газар, “Мерси Кор Монгол“ олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай системийг боловсруулсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617384
0 эможи
keyboard_arrow_up