Гэр шатаж бага насны хоёр хүүхэд амь насаа алджээ
Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр /2020.03.18/ гал түймрийн улмаас бага насны хүүхдүүд амь насаа алдсан харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал, Өчигдөр өдрийн 14:28 цагт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж багийн “Малх”-ын хоёрдугаар гудамжинд иргэн М-ийн дөрвөн ханатай гэр шатаж, бага насны /дөрвөн настай эмэгтэй М, нэг нас есөн сартай эмэгтэй С нар / хоёр хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Хэдийгээр гал түймэр гарсан дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын алба хаагчид шуурхай очиж ажилласан ч хүүхдүүд гал түймэрт өртөж амь насаа алдсан тул цогцсыг аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Мөн тус аймгийн Сүмбэр сумын Хонхор багийн “Гашуун”-ы дөрөвдүгээр гудамжинд иргэн Г-ийн хашаанд гурван тн нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр /2020.03.18/ өдрийн 14:24 цагт Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид гал түймрийг унтраасан байна.









