“Аймгийн эмнэлэгт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээний хариу гартал хөл хориог үргэлжлүүлнэ“
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “2020 оны нэгдүгээр сарын 27-ноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд аймгийн Онцгой комисс шуурхай ажиллаж байгаа.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд дөрвөн байранд нийт 192 хүн тусгаарлагдаад байна. Өнөөдөр УОК-той цахим хурал хийж, асуудлаа шийдвэрлүүлээд байна.
Тусгаарлагдсан 192 иргэнээс гадна гуравдугаар сарын 14-нд Казахстанаас ирсэн 59 иргэнийг гэр гэрт нь тусгаарлан, хяналт тавьж ажиллаж байна.
Нэгдүгээр сарын 27-ноос хойш дөрвөн удаагийн сэжигтэй тохиолдол илэрсэн. Тэдгээр тохиолдлууд бүгд эрүүл гэдэг шинжилгээний хариу гарсан.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт тусгаарлагдсан байгаа нэг хүний шинжилгээний хариу сөрөг гараад байна.
Баян-Өлгий аймаг эрсдэлтэй бүсэд тооцогдож байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор сум хооронд, хот хоорондын хөдөлгөөнийг хориод байна. Эмнэлэгт тусгаарлагдан, шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэний давтан шинжилгээний хариу гартал энэ хөл хориог үргэлжлүүлнэ." гэв.