Айлын 15 сарлагийг хулгайлж, 11-ийг нь нядлан зарсан этгээдүүдийг баривчиллаа
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар нь малын хулгайн гэмт хэргийг бууруулах чиглэлээр олон ажлыг зохион байгуулж байна. 2020 оны 01 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Тариалан сумын Баянхошуу багт оршин суух малчин н.Батхүүгийн 15 тооны сарлаг алга болсон мэдээллийг тус цагдаагийн газрын 7038102 тоот утсаар хүлээн авч эрэн сурвалжлах ажиллагааг явуулснаар хулгайд алдагдсан болохыг олж тогтоон, тус цагдаагийн газрын даргын шийдвэрээр эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч нарын бүрэлдэхүүнтэйгээр, ажлын хэсэг томилон ажиллуулсан. Тус суманд ажилласан ажлын хэсэг түргэн шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулснаар Тариалан сумын Ар тархи уртын ам гэдэг газар айлын хаваржааны хашаан дотор 11 сарлагийг нядалж арьс шир, толгой гэдэс, шийрийг нь үлдээн махыг аймаг дамжуулан зарсан болохыг олж тогтоон ажиллаа. Энэхүү малын хулгайн гэмт хэрэгт 3 бүлэг 15 холбогдогчийг шалгаснаар малын хулгайн 14 гэмт хэргийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.