Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанг АТГ шалгаж байна
Авлигатай тэмцэх газар /АТГ/ эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Өсөхбаяр нарт холбогдох хэргийг шалгаж байгаа аж.
Эдгээр албан тушаалтнууд 2018 оны дөрөвдүгээр сард ИТХ хуралдаагүй байхад хуралдсан мэтээр баримт бүрдүүлэн А/369 дугаартай тогтоол гаргаж, Цэнхэр сумын таван га талбайг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэгт татах үндэслэл болсон гэдэг мэдээллийг эх сурвалж өглөө.
Мөн уг хуурамч тогтоолыг үндэслээд 2018 оны дөрөвдүгээр сарын 19-нд Ашигт малтмал газрын тосны газар /АМГТГ/-т хандаж Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан 01/488 дугаартай албан бичгээр бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох хүсэлт хүргүүлсэн гэх мэдээлэл байгаа юм.
Тэдний энэ хууль бус эл үйлдлийг эсэргүүцэж, аймгийн ИТХ-ын есөн төлөөлөгч нь 2018 оны дөрөвдүгээр сард аймгийн ИТХ хуралдаагүйг батлаад зогсохгүй, Засаг дарга, ИТХ-ын дарга нар нийлж, сум, аймгийн ИТХ-ын бүрэн эрхэд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж буйгаа хууль сахиулах байгууллагынханд илэрхийлж байсан юм байна. Иймээс өнгөрсөн жилээс АТГ тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, хуурамч бичиг баримт үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж буй ажээ. Одоогоор шалгалт дуусаагүй үргэлжилж байгаа гэнэ.
Эх сурвалж: UPDOWN.MN
|