ФОТО: Монголын түүх, соёлын хосгүй нандин дурсгал “АМАРБАЯСГАЛАНТ ХИЙД“
Манжийн төрөөс Ар Монголд шарын шашныг хүчтэй дэлгэрүүлэх зорилгын дүнд байгуулсан хийд юм.
Тус хийд нь Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу буюу одоогийн Сэлэнгэ аймгийн Баруун Бүрэн сумын нутаг Бүрэнхан уулын өвөрт Ивэн голын хөвөөнд оршино. Уг хийдийг Манжийн Найралт төвийн 5-р он буюу 1727 оноос байгуулж эхлэн 1737 онд барьж дуусгажээ. Амарбаясгалант хийд нь хийц, загвар, үзэмжийн хувьд дорнын уран барилгын хэв загварыг өөртөө шингээсэн чуулбар байв. Тус хийд нь зургаан гол аймаг, 6000 орчим ламтай, Дэжидлин, Сангай, Пунцаглин зэрэг нэртэй аймагтай, нэг аймаг 500 орчим хуврагатай байжээ.
Мөн Мамба, Зурхай, Жүд, Ламрим, Цогчин, Чойр зэрэг сургууль, дацантай. Тэдгээрт бурхны шашны ном сургалт явуулж байлаа. Хамгийн гол хурал нь Өндөр гэгээн Занабазар, дөрөвдүгээр Богд Жибзундамба нарын чандарын өмнө тахил өргөх ёслол ажээ. Энэ хуралд хамгаас хүндтэй таван лам ээлжилж оролцох ба доод дэсийн лам нар энэ хуралд оролцох эрхгүй байжээ. Хийдэд жил бүрийн 6 сарын шинийн 15-нд Майдар эргэх, 6 сарын 27-нд цам бүжиглэх ёслол болдог байв. Хийд нь гадуураа давхар хэрмэн хашаатай бөгөөд хэрмийн дотор, гадар хоёр талаар хур борооны ус зайлуулах сувагтай, нийт 40 орчим сүм дугантай байжээ. Амарбаясгалант хийд нь 1930-аад оны дундуур улс төрийн харгис үйлдэлд өртөн устгагдсан юм. Харин 1944 онд төрийн хамгаалалтанд авч 1990 оноос хурал номын үйл ажиллагааг нь сэргээжээ. Амарбаясгалант хийдийг байгалийн үзэсгэлэнт байдалтай хослуулан бүтээсэн бөгөөд Монголын шарын шашны тэргүүн өндөр гэгээн Занабазарт зориулагдсан ариун дагшин шүтээн, Монголын түүх, соёлын хосгүй нандин дурсгалын нэг юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|