Осолдсон дөрвөн жолоочийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна
Төв аймгийн Заамар суманд байрлах “Эко алтан заамар” ХХК-ийн уурхайн талбайд нуралт үүсч дөрвөн хүн дарагдаж, хоёр ажилтанг эсэн мэнд гаргаж авсан талаар мэдээлсэн билээ.
ОБЕГ, МХЕГ, ЦЕГ-аас ажлын хэсэг байгуулан ослын газарт ажиллаж байна. Дөрвөн хүнийг хайх, аврах ажиллагааг эхлүүлж байна гэж албаны хүмүүс мэдээлэл өгөв.
Өнөөдрөөс тус компанийн үйл ажиллагааг албан ёсоор зогсоож байна. Нурангид даруулсан дөрвөн хүний нэгийнх ар гэрийнхэн ослын газарт ирсэн байгаа ажээ.
Улаанбаатар хотоос Үндэсний аврах ангиас 12, Уул уурхайн аврах албанаас 8 нийт 20 аврагчийг 2 нисдэг тэргээр тус уурхай дээр ажиллуулахаар аваачаад байгаа. Мөн уурхайн 1 ш экскаватор, 1ш бульдозер тус хөрсний нурангид дарагдаад байгаа бөгөөд одоогоор дарагдаад байгаа ажилчид тус техникүүдийн кабинд байгаа операторууд юм байна.
Карьерт нийт зургаан хүн байснаас хоёрыг нь эсэн мэнд аварсан
“Эко алтан заамар” компанийн захирал Эрдэнэжаргал “16-17 цагийн орчимд манай компанийн карьерийн хана нурж гэнэтийн осол боллоо.
Уг Карьетр зургаан алба хаагч ажиллаж байснаас нэгийг нь эсэн мэнд гаргаж авсан. Одоогоор нэг экскаватор, нэг бульдозер, хоёр оператор техниктэйгээ хаана байгаа нь тодорхойгүй байна. Нийслэлийн онцгой байдлын албанаас хүч нэмэгдүүлэн ажиллаж, эрэн хайх ажиллагааг явуулж байна. Аврах ажиллагааг оновчтой явуулахын тулд доор шороонд дарагдсан хүмүүсийг тоог бодитой гаргах ёстой. Ер нь бол карьерт зургаан хүн байснаас хоёр нь аврагдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, улмаар Нийслэл рүү хүргэсэн байгаа. Одоогоор 4 хүнийг эрэн хайж байна. Бүгдээрээ манай компанийн үндсэн ажилчид байгаа” гэв.
Хөрсний нуралт юунаас болж үүссэн бэ гэхээр хоёр хоногийн өмнө тэр хавьд 4,6 баллын газар болсон байгаа талаар Одон орон судлалын газраас мэдээлжээ.
Осолдсон жолооч нарын хувьд Эрдэнэт хотоос ирж ажиллаж байсан гэнэ.
Дахиад нуралт үүсэх магадлал өндөр байна
Өглөөний 04.50 цагийн үед онцгой байдлынхан аврах ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна.
ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Газар хөдлөлтөөс болж хөрс нурсан гэж шууд хэлж болохгүй. Бид нарын ажиллаж буйгаар бол карьерийн хана нурж, ийм осол болсон байна. Компанийн удирдлагуудтай хамтарч шороонд дарагдсан тэр дөрвөн хүнийг яаралтай гаргаж ирэх ажиллагааг явуулж байна. Түүнээс газар хөдлөлтийн нөхцөл байдалтай уялдуулж холбож болохгүй. Ажиллахад нөхцөл байдал хүнд байна. Усны түвшин өндөр болохоор хэцүү байна. Дахиад нуралт үүсэх магадлал өндөр байна. Ер нь осолдсон жолооч нар амьд байх магадлал бага” гэв.