Гурван сайхан ууланд нутагшуулсан 10 буга одоогоор өсөж, үржээгүй байна
Монголын Алтайн нурууны хамгийн урд үзүүр болох Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн Гурван сайхан ууланд нас бие гүйцсэн эр, эм хоёр буга ойролцоогоор найман жил орчим амьдарч байгаа гэсэн нутгийн иргэдийн яриагаар тухайн нутагт буга согоо нутагшуулах ажил гурван жилийн өмнө буюу 2016 онд эхэлж байв.
Ийнхүү олон сарын турш олон хүний хүч хөдөлмөрийн үр дүнд буга согоо нутагшуулах ажил биеллээ олж, 2016 оны дөрөвдүгээр сард нас бие гүйцсэн арван бугыг Гурван сайхан ууланд нутагшуулсан талаар бид мэдээлж байсан билээ.
Тэгвэл эдгээр нутагшуулсан арван буга гурав орчим жилийн дараа хэд болж үржсэн болон нутгийн ард иргэд хэрхэн хараа хяналт тавьж буй талаар БОАЖЯ-аас тодруулсан юм.
Энэ талаар БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын мэргэжилтэн Н.Жамъянхүү "Өмнөговь аймагт сэргээн нутагшуулсан халиун бугыг өсгөх, хяналт тавих ажлыг орон нутгийн байгаль хамгаалах газар одоогоор хариуцан ажиллаж байна.
Монгол Улсын жагсаалт батлах тухай 2012 оны 07 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар ховор амьтны жагсаалтыг баталсан байдаг. Энэхүү ховор ан амьтны жагсаалтад "Халиун буга" орсон юм.
Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэн ховор, ховор амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх бодлогын хүрээнд нэн ховор, ховор амьтныг сэргээн нутагшуулах, сэлгэн нутагшуулах ажлыг дэмжиж зөвшөөрлийг олгодог.
Дээрх бодлогын хүрээнд 2017 онд Сэлэнгэ, Өмнөговь зэрэг аймгуудад буга сэргээн болон сэлгэн нутагшуулах зөвшөөрлийг яамнаас олгосон. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн Булган сумын Гурван сайхан уулын Баруун салаанд 4 эр, 6 эм нийт 10 толгой халиун буга нутагшуулсан.
Одоогоор эдгээр арван буга үржиж, өсөөгүй байна. Сэргээн болон сэлгэн нутагшуулсан халиун бугын сүрэгт орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хяналт тавьж, үржүүлж өсгөх арга хэмжээг авч ажиллаж байна.
Түүнчлэн эдгээр нутагшсан амьтдад хараа хяналт тавих тал дээр тусгайлсан нэг байгаль хамгаалагч гарган ажиллуулж байна" хэмээн мэдээлэв.
Мөн энэ жилийн хувьд ховор ан амьтад сэргээн нутагшуулах асуудлаар БОАЖЯ-наас ШУА-ийн ерөнхий болон биологийн хүрээлэнтэй хамтран, илүү өргөн хүрээтэй ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байгаа юм байна.
Цаашид нэн ховор болон элбэг амьтныг сэргээн, сэлгэн нутагшуулах ажлыг яамны зүгээс зөвшөөрлийг олгож дэмжин ажиллахыг мөн онцоллоо.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ: MPA.MN
|