Баян-Өлгийд үер бууж 175 өрхийн гэр, хашаа усанд автжээ
Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр өчигдөр /2018.07.15/ Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар усархаг бороо оржээ.
Ингэхдээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд 15:00-15:30 цагийн хооронд орсон усархаг борооны улмаас тус сумын 2,3,4,12,13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автжээ.
Үерт автсан дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 16:05 цагт ирж, хурандаа С.Пүрэвсамдангаар ахлуулсан 35 алба хаагч ажилласан байна. Нэмэлт хүч болж Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн хоёр алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 65 алба хаагч, Цахилгаан шугам сүлжээний газрын гурван хүн, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК-ийн таван хүн, “ЖОЛ” ХХК-ийн найман хүн, орон нутгийн 24 иргэн, нийт 146 хүн, 24 техник хэрэгсэлтэй ажиллаж үерт боогдсон 163 хүнийг аюулгүй газарт гаргаж, гэр байшин нь орогнох боломжгүй болсон 95 иргэнийг түр хорогдох байранд байрлуулжээ.
Үерийн усыг зайлуулахын тулд 2.8 км урт шуудуу татаж усыг зайлуулж байна. Мөн хохирлыг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна.