БНХАУ-аас Баян-Өлгий аймагт нэг сая юанийн тусламж үзүүлэхээр болжээ
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Баян-Өлгий аймагт нэг сая юанийн тусламж үзүүлэхээр болсон талаар аймгийн Засаг дарга А.Гылымхан өнөөдөр манай агентлагт мэдээллээ.
Энэ талаар тус улсын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн баасан гаригт Увс аймагт Монгол Улсын баруун таван аймгийн удирдлагуудтай уулзах үеэрээ мэдэгдсэн байна. Уг мөнгийг аймаг орон нутгийн нийгэм, эдийн засаг, гадаад харилцааг хөгжүүлэхэд зарцуулах ажээ.
Дээрх уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар оролцсон бөгөөд талууд махны экспортыг сэргээх, хилийн боомтуудын чадавхыг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь сайжруулах, хил орчмын бүс нутгуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлуудаар харилцан санал солилцсон байна.
"Баян-Өлгий аймгийн иргэдийн хувьд БНХАУ-тай Хуй Шан Зуй, Тайкешкэн боомтоор дамжин зорчдог. Гэвч сүүлийн жилүүдэд дээрх хоёр боомт дахь хүнд суртал, татвар зэрэг асуудлуудаас болж иргэд гурван мянга гаруй км зам туулж Замын-Үүд-Эрээний боомтоор гардаг болсон. Энэ мэт тулгамдсан асуудлуудыг хоёр улсын шийдвэрлэх түвшний хүмүүст хөндөж тавилаа. Үүний үр дүнд Ван И сайд боомтуудад тулгамдсан асуудлуудыг нэг яаралтай шийдвэрлэхийг газар дээр нь холбогдох хүмүүстээ үүрэг болгосон" гэдгийг аймгийн Засаг дарга А.Гылымхан онцоллоо.