Улаанбаатар-Дорноговь чиглэлд нэмэлт автобус үйлчилж байна
Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт орсон хүчтэй аадар борооны улмаас төмөр замын далан сэтэрч, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумаас Дорноговь аймгийн Айраг сум хүртэлх төмөр замаар галт тэрэг зорчих боломжгүй болсон. Үүнтэй холбоотойгоор УБТЗ ХНН, ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас шуурхай арга хэмжээ авч, зорчигчдыг Улаанбаатар хотоос Говь-Сүмбэр аймаг дахь Чойр өртөө хүртэл галт тэргээр, Чойр өртөөнөөс Дорноговь аймгийн Айраг өртөө хүртэл том оврын автобусаар, Айраг өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл галт тэргээр тээвэрлэх холимог тээвэрлэлтийг зохион байгуулан ажиллажээ.
Улаанбаатар хотоос том оврын 16, Дорноговь аймгаас том оврын 5 нийт 21 автобусаар Чойр өртөөнөөс Айраг өртөө рүү 3 удаа давхардсан тоогоор 24 тээврийн хэрэгслээр 928 зорчигч, Сайншанд өртөө рүү 5 тээврийн хэрэгслээр 159 зорчигч, Айраг өртөөнөөс Чойр өртөө рүү 2 удаа давхардсан тоогоор 20 тээврийн хэрэгслээр 930 зорчигчид буюу нийт 2017 зорчигчийг шилжүүлэн суулгаж, хүндрэл чичрэгдэлгүй, түргэн шуурхай тээвэрлэсэн байна. Холимог тээвэрлэлтийг зохион байгуулах ажилд ЗТХЯ-ны АТБХЗГ, АТҮТ ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтэс, Хөдөлгөөний удирдлагын хэлтэс болон Говь-Сүмбэр аймгийн АТТ, Дорноговь аймгийн АТТ, Замын-Үүд салбарын удирдлага, ажилтан, албан хаагчид нэмэлтээр ажиллажээ.









