Говь-Алтай аймгийн Тонхил суманд яруу найрагч Т.Очирхүүгийн шүлгэн хөшөөг босголоо
Д.Нацагдоржийн болон Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт “Болор цом”-ын эзэн Монголын нэрт яруу найрагч Тоомойн Очирхүүгийн “Аргамжааны чулуу” шүлгийг алдаршуулсан гэрэлт хөшөө Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвд босголоо. Нэрт яруу найрагчийн энэхүү шүлгийн гэрэлт хөшөөний нээлтэд сум орны удирдлагууд болон МЗЭ-ийн Говь-Алтай аймгийн Хантайшир салбарын тэргүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Чардаг нар болон Очирхүү агсаны үр хүүхэд төрөл төрөгсөд уугуул нутгийн иргэд оролцсон юм.
Нээлтийн үеэр Т.Очирхүү агсаны охин О.Буянаа сэтгэгдлээ хэлж аавынхаа “Охиндоо зориулсан шүлэг”-ийг уншиж сонирхууллаа. Мөн Т.Очирхүү гуайн зохиосон “Аргамжааны чулуу”, ”Чулууны магтаал” зэрэг шүлэг зохиолоос уншиж ”Эмчийн алдар”, “Оюутан ахуй цагаа дурсана уу” ”Урам хайрла” зэрэг дууг дуулж нэрт яруу найрагчаа дурсан хүндэтгэв. Гэрэлт хөшөөг тус сумын Алтансоёмбо багийн үүсэн байгуулагдсаны 60 жил болон Нэрт яруу найрагчийнхаа 75 нас тохиож байгаатай холбогдуулан үр хүүхэд төрөл төрөгсдийн хандиваар бүтээн босгосон аж.
Энэхүү хөшөөг хараад уугуул нутгийн хүүхэд багачууд, залуу үеийнхэн монголынхоо нэртэй яруу найрагчаа бахархан дуурайж улмаар энэ хүний нөлөө, замналаар олон олон яруу найрагчид төрөхийг үгүй гэх газаргүй юм.
Мөн энэ үеэр Тонхилчууд нэрт яруу найрагчийнхаа бүтээлийг алдаршуулах, судлах өргөн ажлууд хийгдэнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Энэ хөшөөг санаачлагч Боловсрол судлалын магистр, Монгол улсын зөвлөх багш Д.Батсүрэн судлал шүүмжлэлийн нэрт төлөөлөгч Д.Өлзийбаярын хамт ”Уулын найрагч Тоомойн Очирхүү” хэмээх судалгаа шинжилгээ, дурсамжийн бүтээлийг монголын өргөн олон уншигчдын хүртээл болгон хэвлүүлжээ.
Т.Очирхүү нь 1943 онд Говь-Алтай аймгийн Тонхил сумд төрж бага дунд сургууль, АУДС (одоогийн ЭМШУИС), ЗХУ-ын Коммунист Намын Төв хорооны дэргэдэх нийгмийн ухааны академи төгссөн.
1971 онд Анагаах ухааны дээд сургуулийг эмчийн мэргэжлээр төгсөж Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Монголын радио, Засгийн газарт ажиллаж байсан юм.
Түүний олонд хүрсэн бүтээлүүдээс дурьдвал
Ильичийн хуучин хүрэм (1978)
Аргамжааны чулуу (1978)
Эмээл
Найрагчийн өрөөнд (1977)
Гэрлийн тухай бодол (1978)
Урам хайрла (1979)
Чулууны магтаал (1981) зэргийг дурьдаж болно.
Хэвлүүлсэн яруу найргийн номнууд
Сэтгэлийн үер
Тэнгэрийн хаяаны од
Алтайн унага зэрэг номнуудаа хэвлүүлж байжээ.
www.GOVIALTAI.mn