Гадаадын иргэд монгол хүний нэр дээр хадлангийн талбай авч өвс хадахыг зогсоожээ
Дорнод аймагт сүүлийн жилүүдэд хятад иргэд монгол хүний нэр дээр хадлангийн талбай авч, өвс хадах явдал мэр сэр гарах болсныг таслан зогсоожээ. Харин орон нутгийн аж ахуйн нэгжүүд хадлан хадаж, гадаад, дотоодын зах зээлд борлуулахыг бүрэн дэмжиж ажиллахаа тус аймгийн удирдлага илэрхийлэв.
Хадлан тэжээл бэлтгэх зөвшөөрөл хүсч буй аж ахуй нэгжүүд нь хадлан бэлтгэхэд туршлагатай ажилтантай, тоног төхөөрөмж хүрэлцэхүйц, газрын төлбөрөө төлөх санхүүгийн чадавхтай байх зэрэг тодорхой шалгуурыг тавихаас гадна орон нутгийн аж ахуй нэгжид давуу эрх олгох юм.
Энэ онд тус аймгийн хэмжээнд аюулгүйн нөөцөд 250 тн өвс, 50 тн үйлдвэрийн тэжээл, сумын аюулгүйн нөөцөд сум тус бүр 100 тн өвс, 30 тн үйлдвэрийн тэжээл буюу нийтдээ 1400 тн өвс, 420 тн үйлдвэрийн тэжээл, малчдын хувь 75,3 тн өвс, 295 тн үйлдвэрийн тэжээл, 195 тн гар тэжээл бэлтгэхээр зорьж байгаа гэж ХХААГ-аас мэдээллээ.
Дашрамд дуулгахад, Дорнод аймаг нь газрын нэгдмэл сангийн ангиллаар 811 мянган га хадлангийн талбайтай. Энэ нь улсын хэмжээний нийт хадлангийн талбайн 47,2 хувийг эзэлдэг. Энэхүү давуу талыг ашиглаж чадвал жилд дунджаар 60-135 мянган га талбайгаас хадлан бэлтгэж, дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна бэлтгэсэн илүү өвсөө гадаад, дотоодын зах зээлд борлуулж, нэмэлт орлого олох боломжтой юм.