Баянхонгорын удирдлагууд “нинжа” нарыг турхирч, алтны компаниудыг шантаажилж байна

2018 оны 6 сарын 25

НИНЖА зурган илэрцүүд

Баянхонгор аймгийн удирдлагууд алтны нинжа нарыг өдөөн турхирч, албан ёсны зөвшөөрөлтэй компаниудыг шантаажилдаг гэх мэдээлэл бидэнд ирлээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Жаргалант сумд орших Жамп ХХК-ийг нутгийн нинжа нар дарамтлаж, улмаар Жамп ХХК орон нутгийн удирдлагуудтай буруу замаар найзлах болсон байдаг. Гэвч Жамп ХХК-ийн захирал Ц.Баярмаа нь Шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн талбайнуудаа нөхөн сэргээх нэрээр ашиглалт явуулж алт ухсаар байгааг аймгийн удирдлага харсан ч хараагүй мэт аашилсаар хэдэн жил болжээ. Учир нь Ц.Баярмаа нь тэдний шантаажинд орж, өгөх ёстой зүйлийг өгч тохирсон бололтой.

Үүгээр ч барахгүй Баянхонгорын Галуут суманд үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн уурхайн компаниудыг “нинжа” нартай гурвалсан гэрээ хий гэж сумын засаг дарга, аймгийн удирдлагууд шахалт үзүүлснээр эцэс сүүлдээ бөөн маргаан дэгдээсэн байдаг.

Мөн Баянхонгорын Баян-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг ашиглалтын зөвшөөрөлтэй 11 аж ахуй нэгжийг “нинжа” нар дарамталж, адаг сүүлдээ ажлаа хэвийн явуулж чадахгүйд хүрч, ажилтнаа буулгасан гэх мэдээлэл бидэнд ирсэн.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр, нинжа нар аймгийн Засаг дарга Б.Батжаргал, сумын Засаг дарга Ж.Хатанбаатар нарын нэрийг урдаа барьж, уурхайнуудын удирдлагуудыг нинжа нартай гэрээ байгуулахыг тулгаж, улмаар заналхийлж, сүрдүүлснийг нинжа нарын илгээсэн захидал, мессэж, чаатнаас харж болно.

Тэдний бичсэнийг харвал, компаниудыг гэрээ байгуулахыг аймгийн удирдлагууд ч тулган шаардаж байгаа талаар тодорхой бичжээ. Нинжа нар уурхайн удирдлагуудыг дарамтлахдаа “Баянхонгорынхонд хууль үйлчлэхгүй, бид олуулаа шүү. Тэвчээр алдрахыг хүлээгээд байна уу.” гэж даналзсан байлаа.

Хэрвээ энэ үнэн бол Баянхонгорын Засаг дарга Б.Батжаргал нинжа нарыг өдөөн, өөгшүүлж, уул уурхайн компаниудыг дарамталж, юм салгахаар шахдаг бололтой. Ер нь Баянхонгорын удирдлагууд бэл бэнчингээрээ улсад толгой цохьдог. Гэмгүй төрийн албан хаагч гэдэг ч хөлжсөн байдал нь анхаарал татмаар.

Эх сурвалжийн мэдээлснээр, Баян-Овоогийн “Хонгорын хүдэр” гэх компани Швейцарийн хөгжлийн агентлагаас хоёр сая долларын хөрөнгө оруулалт авсан гэх яриа байна. Тус компанийн тээрэм Энхтайван гэх залуу, мөн Баян-Овоо сумын Засаг дарга Ж.Хатанбаатарын ах Дашпүрэв, Баянхонгор аймгийн Засаг дарга Б.Батжаргалын дүү гээд гурван эзэмшигчтэй. Жилдээ гурван тэрбум төгрөгийн орлоготой байдаг гэнэ.

Харин Баян-Овоо сумын нутаг дэвсгэр дээр тусгай зөвшөөрлийн талбайтай 21 аж ахуй нэгж байдаг байна. Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 10, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 11 аж ахуй нэгж байдаг.

Баянхонгор аймгийн хэмжээнд 2017 оны гуравдугаар сарын 20-ны байдлаар нийт 15 сумын нутаг дэвсгэрийн зарим хэсгийг хамарсан 74 аж ахуйн нэгжийн 99 тусгай зөвшөөрлийн хүрээнд нийтдээ 488,9 мянган га хайгуулын талбай байна. Энэ нь нийт газар нутгийн 4.21 хувийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон гэсэн үг юм.

Ингээд харахад, аймгийн удирдлагууд, хурган дарга нарын хөлжиж, хүчирхэгжсэний нууц нь ердөө л тэр газар нутгийн байгалийн баялгийг дагасан хууль бус үйл ажиллагаа гэж хардаж болохоор байна.

Тэгвэл олон нийтийн өмөөрч, хаацайлаад байдаг ядарсан нинжа нар гэгч чухам ямар хүмүүс болох талаар зураглалаар өгүүлье. Албан мэдээгээр, өнөөгийн байдлаар 100 мянга орчим нинжа алт ухаж, байгаль орчинд ноцтой хор хохирол учруулж, олон тэрбум доллараар хэмжигдэх алтыг хар захаар дамжуулан борлуулж байна.

Монголын төр засаг тэднийг хараа хяналтаасаа алдчихсан нь ч хачирхалтай.

Одоогоос 10 гаруй жилийн өмнө сурвалжлагаар Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дахь Өлтийн хөндийд очиж байлаа. Өөрөөр хэлбэл, “нинжа” нар хэмээх нийгмийн нэгэн бүлгийг анх удаа харсан нь тэр. Хүмүүсийн бодсончлон, хэсэг хүмүүс газар ухаж, алт хайж олоод амьдралаа залгуулж байдаг гэсэн ерөнхий төсөөлөлтэй байсны хувьд Өлтийн хөндийд очоод харсан зүйлдээ итгэхгүй нэг хэсэг ангайж билээ.

Яг үнэндээ “нинжа” нарыг хүний нийгмийн нэг хэсэгт оруулан тооцоход бэрх гэвэл дэгсдүүлсэн болохгүй. Миний санаж буйгаар, 90-ээд оны эхэнд Өлтийн хөндийн малчныхаас Уянгын сийлбэртэй гэр авах гэж очиход чухамдаа диваажин болов уу гэмээр үзэсгэлэнтэй байгаль угтаж байсансан. Гэтэл 2007 онд Өлтийн хөндийг хараад танихааргүй болсон байлаа.

Холливудын кинонд там, сөнөсөн гариг, цөмийн дайны дараах дэлхийг нэг иймэрхүү байдлаар дүрслэн харуулсан байдаг. Хаа сайгүй онгилж овоолсон шороо, газраар хавж ухсан нүх, нэгэн цагт толгод байгаад одоо бөмбөгдөлтөд өртөө юу гэмээр нурсан довцог, ширхэг ч мод бутгүй, хар шороогоор эргэсэн там болчихжээ.

Харин мөнөөх “нинжа” нар нь ерөөсөө л “Усны ертөнц” киноны тамхичид. Хувцасны тамтаг хэдэрч, бүсэндээ сүх, богино лоом хавчуулсан эдгээр нөхөд хэзээ хамгийн сүүлд нүүрээ угааж, сахлаа хуссанаа мартсан байж мэднэ. Хужаа мотоциклийг гар аргаар сэлбэж, ачаа тээхэд тохиромжтой болгосон байх ба түүгээрээ нүх, довцог сүлжин давхилдаж, хашхирч бархирахыг анх хараад үнэндээ айснаа нуух юун. Хамгийн хэцүү нь тэдний харилцаа, хандлагаас соёлт хүний шинж бүр мөсөн устаа юу гэмээр байлаа. Хоорондоо хараалын үгсээр ойлголцож, үг сөрвөл шууд барилцан авах тэднийг хажуудах нөхөд нь салгах байтугай өөгшүүлэн дэмжиж, тэр даруй хоёр талцан мөрий тавьж байсан. Биднийг очиход ч ийм хэдэн нөхөр замын тэхийн голд хоорондоо буу халан зогсож, замаас холдохыг эелдгээр сануулахад нохой хуцсаны дайнд тоолгүй, үргэлжлүүлэн хөөрөлдөж, эцэст нь араас ирсэн цагдаа тэднийг хөөж байж холдуулж билээ.

“Нинжа” нарын тосгонд байхгүй юм үгүй. Дэлгүүр, хоршоо, ломбард, үйлчилгээний “төв”, “Орифлейм”-ийн сүлжээ, баар, зочид буудал, пааб бүгд бий. Энд эмэгтэй хүн ч олон. Зарим нь эр нөхрийнхөө арыг авч явах гэж ирсэн бол дээр дурдсан үйлчилгээний газруудыг ихэнхдээ эзэгтэй нар л ажиллуулдаг. Үүнээс гадна нөгөөх муу нэртэй биеэ үнэлэгч нар энд тусгай үйлчилгээ үзүүлдэг гэдгээ нуухгүй байсан.

Хамгийн хэцүү нь, “нинжа” нарын хотхонд ногоон түмпэн үүрч, алт угаадаг, томчуудын багтахгүй нүх рүү орж, алттай шороо хувин руу хийдэг хүүхэд маш олон байдаг ажээ. Эдгээр хүүхдийн сурах, эрүүл аюулгүй амьдрах эрх үндсэндээ үгүй болсон. Биднийг очиход ах, дүү хоёр хүүхэд нүх рүү ороод гарч ирээгүй гэх яриа гарсан ч тоож байгаа хүн огт байсангүй. Харин нөхрөө алтны нүхэнд алдсан бэлэвсэн эмэгтэй 14 настай охиноо хүнтэй суулгаж, тэр найр руу бүгд хошуураад алга болсон юм...

“Нинжа” нарын ахуй байдал яг л ийм байдаг. Хожим Швейцарийн хөгжлийн агентлаг гэх байгууллага тэднийг Хувиараа ашигт малтмал олборлогч хэмээн соёлтойгоор нэрлэж, нөхөрлөлийн хэлбэрээр ажиллуулж, улмаар НДШ, ЭМД зэргийг төлүүлж, нөхөн сэргээлт хийлгэхээр багагүй ажил хийсэн гэдэг.

Гэвч нинжа нарын нарын нөхөн сэргээлт гэдэг нь ухсан нүхээ буцаагаад булж орхих л ажил болохоос тэнд өвс ногоо ургах эсэх нь тэдэнд огт хамаагүй. Итгэхгүй байгаа нэгэн нь Өлтий хөндий, Баянхонгорын шороон ордуудыг дагасан нинжагийн тосгод руу очиж үзэхэд л хангалттай.

Өөрөөр хэлбэл, нинжа нар амьдрах аргагүй дээ эх орноо ухаж байгаа ядарсан ард биш задарсан залхгууд мөнөөс мөн. Эцэст нь албан ёсны тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж буй алтны шороон ордын компаниуд бүх бурууг аваад дуусдаг нь ч бараг хэвшил болчихсон.

Тэд уг нь газар ашигласны төлбөр, лицензийн хураамж, албан татвараа зүй ёсоор төлж, нөхөн сэргээлт хийдэг. Гэтэл хаагаад үлдээсэн талбай руу нь нинжа нарын “сүрэг” дайрч орсноор өнөөдөр маш олон газар Өлтий хөндийн араас орж байгаа.

Зарим компани ашигласан талбайгаа нөхөн сэргээсний дараа нинжа нараас сэргийлэхийн тулд харуул хамгаалалт ажиллуулсаар өнөөг хүрсэн. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа явуулахгүй байгаа хэрнээ нөхөн сэргээсэн талбайнх нь мод, бут, зүлэг ногоо ургаж, эдгэтэл нь өөрсдийн мөнгөөр хамгаалдаг гэсэн үг.

Хамгийн гол нь, дан ганц ашиглалт дууссаны дараа ч биш ид ажил явагдаж байхад ч нинжа нар бөөн бөөнөөрөө алтны компанийн талбай руу дайрч, тэрүүхэн тэндээ багахан тулаан маягийн юм болдог юм билээ. Тиймээс алтны компаниуд өндөр үнэ хөлсөөр мэргэшсэн хамгаалалтын албатай гэрээлэн ажилладаг.

Гэтэл нинжа нар гэдэг бол нутгийн бүх иргэд болж хувираад байна. Учир нь нэртэй устай нинжа нарын ард нутгийн дийлэнх нь хамаатан садан, холбоотон сүлбээтэй нөхдүүд байдаг. Нутгийн иргэд, зон олон наанаа л байгаль дэлхийгээ хамгаалья, нутгаа сүйтгэж байна хэмээн ярих боловч, бодит байдал дээр иргэд өөрсдөө нинжа дүрээр газар шороогоо зааг замбараагүй сэндйичэн, сүйтгэж байгаа нь харамсалтай. Нутгийн иргэд болох нинжа нархэдэн мянгуулаа учраас шороон ордын компаниуд лицензэт талбайгаа тэдэнтэй хуваан ашиглаж, бүх төлбөр тооцоог өмнөөс нь хийдэг шударга бус тогтолцоо үүсээд удсан. Харин алтны компаниуд алт олборлосны дараа татвар төлдөг бол нинжа нарын бий болгосон хар захаар хэдэн тонн алт жил бүр татваргүйгээр борлуулагдаж байгааг тооцох боломжгүй болжээ.

Тэгвэл энэ бүх хууль бус үйл явдлыг тухайн орон нутгийн удирдлагууд өдөөн турхирч, наанаа уул уурхай, хөгжил дэвшил ярьсан ч цаанаа бүгд нинжа нартай үгсэж, халаас нэг болсон жишээ олон.

ШӨХТГ-ын даргад шатахуун импортлогчдыг хаацайлах шалтаг байв уу undefined

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58864
0 эможи

keyboard_arrow_up