Ж.Батжаргал: Төв аймгийн дэд бүтэц, газар зүйн байрлал, түүхий эдийн бааз хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж эхэлсэн
Бүсчилсэн хөгжлийн загвар аймгаар сонгогдсон Төв аймагт өнгөрсөн долоо хоногт эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого “Хөгжлийн түүчээ-Төв аймаг" хөрөнгө оруулагчдын чуулган болж өнгөрлөө. Энэ талаар Засаг дарга Ж.Батжаргалтай уулзаж ярилцлаа.
-Нийслэл хот суурьшлын бүсийн нөөцгүй болж, Зуунмод болон нийслэлтэй хил залгаа сумд руу хаяа тэлэх нь тодорхой болж байна. Ийм цаг үед Төв аймгийг бүсчилсэн хөгжлийн загвар аймгаар сонголоо. Аймагт хөрөнгө оруулагчдын чуулган ч боллоо. Засаг даргын хувьд та аймгийнхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа вэ?
-Төв аймаг олон арван жил Улаанбаатар хот хэмээх айлын найдвартай ар тал болж хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр, үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангаж ирсэн. Одоо ч энэ үүргээ гүйцэтгэж явна.
Засгийн газрын бодлого зорилтыг хэрэгжүүлж, нийслэлийн өсөн нэмэгдэж буй хүнсний хэрэгцээг хангах, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, боловсруулалтын төвшинг ахиулж, эдийн засгийн өсөлтийг нэмэн, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх бодлого барьж ажиллаж байна. Засгийн газар манай аймгийг бүсчилсэн хөгжлийн загвар аймгаар сонгосон.
Өнгөрсөн долоо хоногт Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Үндэсний хөгжлийн газартай хамтран ”Хөгжлийн загвар-Төв аймаг”-ийн стратегийг тодорхойлох зорилгоор Зуунмод хотод “Хөгжлийн түүчээ-Төв аймаг 2018” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Аймгийн эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого боловсруулах зорилготой чуулганд төрийн захиргааны төв байгууллагууд, нутгийн захиргааны байгууллага, эрдэмтэн судлаачид оролцож, арга туршлагаасаа хуваалцлаа.
Арваад жилийн өмнө, түүнээс ч өмнө Төв аймгийг нийслэлтэй ойр учраас хөгжих ямар ч боломжгүй гэж ярилцдаг байсан. Харин өнөөдөр шийдвэр гаргах түвшинд ч, хөрөнгө оруулагчдын хувьд ч, иргэд ч асуудлыг эерэг талаас нь харж, ярьж, шийддэг болсон байна. Энэ бол аймгийн хувьд том дэвшил. Бидний ирээдүй гэрэл гэгээтэй байна гэсэн үг юм.
-Аймгийн хөгжлийн асуудлыг шинээр хэлэлцэх хандлага Зуунмод хотоос арав гаруйхан км зайд баригдаж буй Олон улсын нисэх буудлаас үүдэлтэй юү, өөр шалтгаанууд байх юм уу?
-Мэдээж Олон улсын нисэх буудал аймгийн хаяанд ашиглалтад орох нь бидний хувьд маш том боломж. Хөгжлийн түлхүүр гэсэн үг. Гэхдээ манай аймгийнхан дан ганц нисэх буудалдаа найдаад суухгүйгээр хөгжих олон боломжууд бий. Манай аймаг улсын хэмжээний үр тарианы 18 хувийг, төмсний 40 гаруй хувийг, хүнсний ногооны 10 хувийг үйлдвэрлэдэг. 2017 онд аймгийн хэмжээнд 4.7 сая толгой мал тоологдсон.
Манай үйлдвэрлэгчид, малчид өөрийн аймгийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээгээ бүрэн хангадаг. Үүнээс гадна нийслэл Улаанбаатар хотын сүүний хэрэгцээний 45 орчим хувь, сүүн бүтээгдэхүүний 30 орчим хувь, мах-махан бүтээгдэхүүний 40 орчим хувийг хангадаг. Бид давуу тал болсон салбаруудынхаа бодлогыг шинэ боломжтойгоо уялдуулаад хөгжлөө зөв тодорхойлоод урагшлахыг зорьж байна.
Удахгүй аймгийн төвөөс 10 гаруйхан км газарт жилд 1.7 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай Олон улсын нисэх буудал ашиглалтад орно. Сэргэлэн сумын төвөөр дайран өнгөрөх шинэ төмөр замын техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ зураг төсөв хийгдэж бүтээн байгуулалтын ажил эхлэх нь тодорхой болж байна. Энэ бүс нутагт хүн амын суурьшил нягтрал өсч, шинэ хот, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжин, зорчигч, бараа эргэлт эрс нэмэгдэх нь тодорхой боллоо.
Олон улсын нисэх онгоцны буудлыг дагаад түүний дагуул хот, Майдар эко, Шинэ Зуунмод зэрэг хотууд шинээр байгуулагдах юм. Ирж байгаа хөгжлийн төлөвлөлтийг бид харин нэг хавтгай дээр буулгаж, том дүр зургаар харах ёстой. Тиймээс шинжлэх ухаан, мэдээлэл технологи, нийгэм соёл, дэд бүтэц, тээвэр логистик, аялал жуулчлал, өндөр технологийн үйлдвэр, олон улсын жишигт нийцсэн банк, санхүү, худалдаа, нийтийн хоол, зочид буудлын үйлчилгээний салбар бүхий “Нээлттэй бүс” нутаг болгон хөгжүүлэх зорилт тавиад ажиллаж байна.
-Аймгийн Засаг даргаас хэтэрхий их популист амлалт, улстөржилтийн сүүдэрт дарагдсан “Хөгжлийг том дүр зургаар харна” гэдэг үгийг сонсох сайхан байна. Төв аймгийг хөгжүүлэх төлөвлөгөөнөөс товчхон танилцуулахгүй юу?
-Бид аймгийн хөгжлөө бүсчлэн төлөвлөөд байгаа. Зуунмод хот орчмын бүсээ “НЭЭЛТТЭЙ БҮС” нутгийн концепцийн дагуу хөгжүүлнэ. Тал хээрийн бүс нутагтаа уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээрийн малын тэсвэртэй чанар, удмын сан бүхий нутгийн шилмэл омог үүлдэрт тулгуурлан мал аж ахуйг хөгжүүлж, малын ашиг шим, түүхий эдийг боловсруулах жижиг дунд үйлдвэр, өрхийн үйлдвэрлэл, нүүдлийн соёл иргэншилд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барьж байна.
Харин тариалангийн бүс нутагтаа газар тариалан, жимс, жимсгэнийн үйлдвэрлэл, өндөр ашиг шимт эрчимжсэн цогцолбор аж ахуйг хослуулан хөгжүүлэх байр суурьтай байгаа. Мөн энэ салбарын түүхий эдийг өндөр технологиор боловсруулж, хүн амын хүнсний хэрэгцээг хангах, хүнс үйлдвэрлэгч экспортлогч орон болох Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх түшиц бүс нутаг болгох зорилт тавьж байна.
Аймгийн маань зүүн бүс нутаг бол байгалийн үзэсгэлэнт унаган төрх, Хүннү болон Эзэнт гүрний түүх соёлын өвийг хадгалсан газар нутаг ихтэй. Энэ боломжоо ашиглаад зам харилцаа, дэд бүтцийг сайжруулж, аялал жуулчлалын шинэ маршрут тогтоож, цогцолборууд байгуулах замаар аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлэх шаардлагатай байгаа. Мөн эрдэс баялгийн нөөц, нүүрсний бүлэг ордуудыг түшиглэн өндөр хүчин чадлын цахилгаан станц байгуулж эрчим хүч экспортлох, өндөр чанарын нийлэг байгалийн хий үйлдвэрлэх, агаарын бохирдлыг бууруулахад том дэмжлэг үзүүлэх зорилт тавьж байна.
-Төлөвлөгөө бэлэн болсон юм байна. Төв аймагчууд одоо хэнийг аймгийн хөгжилд оролцоосой, хэнийг ирээсэй гэж хүлээж байна. Ямар бизнес, ямар хөрөнгө оруулагчийг Төв аймаг хүлээж байгаа вэ?
-Шинэ хөгжлийг дагаад хөрөнгө оруулагчдад Төв аймаг өргөн боломжуудыг нээж өгч байгааг хэлэх ёстой. Бид ч бас хөрөнгө оруулагчдад таатай орчин бэлдэх гэж хичээж байна. Аймгийн хувьд нэн түрүүнд Зуунмод хот орчимд бий болж байгаа “Нээлтэй бүс” нутгийн ерөнхий төлөвлөлтийг шийдүүлж, дэд бүтэц, бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Тийм учраас шаардлага хангасан төсөлтэй хувийн хөрөнгө оруулагчдыг урьж байна.
Орчин үеийн шинэ суурьшлын бүс, томоохон суурин дагавар хотын асуудал яригдаж байгаа учраас төвлөрсөн халаалтын эх үүсвэр, инженерийн шугам сүлжээнд холбох, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, орон сууцны дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллана.
Мөн сэргээн засварлагдахаар болсон Манзушир шашин, соёлын цогцолбор, Олон улсын нисэх онгоцны буудлын дэргэд байгуулагдах Археологийн үндэсний музей, олон улсын жишигт нийцсэн аялал жуулчлалын парк, Хүннү, Эзэнт гүрний түүхийг өгүүлсэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажилд оролцох төсөл, хөрөнгө оруулалтыг дэмжинэ.
Аймгийн эдийн засгийн тулгуур болж ирсэн мал аж ахуй, газар тариалан, сүү-сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнийн үйлдвэрлэлийг сэргээж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малын тэжээлийн ургамлын тариалалт, үйлдвэрлэл болон мах сүү, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийг хатаах, хөлдөөх өндөр технологи бүхий үйлдвэр, агуулахын аж ахуй байгуулах, сонирхолтой хөрөнгө оруулагчдад үүд хаалгаа нээнэ.
Төв аймгийн 20 гаруй сум нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогддог. Хэд хэдэн сумд төмөр замын сүлжээнд багтдаг гээд манай аймаг бол дэд бүтэц харьцангуй сайтай. Тээврийн болон бусад зардал ч өөр аймгуудтай харьцуулахад хямд тусах нь бидний хувьд давуу тал.
-Болж өнгөрсөн Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр танай аймагт хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирэх санал гарав. Тэдний санал, аймгийн ашиг сонирхол хоёр нийцэв үү?
-Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтаар манай аймгийн хэмжээнд одоогийн байдлаар хөдөө аж ахуй, боловсруулах салбарт 170 орчим тэрбум төгрөг, эрчим хүчний салбарт 12.9 тэрбум доллар буюу монгол төгрөгийн үнэ ханшаар 25.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр болж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Тухайлбал, үндэсний үйлдвэрлэгч “Говь” компани ноолуурын анхан шатны боловсруулалт, тухайлсан нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр барих, “Тайж” групп Эрдэнэ суманд Мах боловсруулах үйлдвэр байгуулах, Баян суманд арьс шир, яс, дайвар бүтээгдэхүүн боловсруулах дагалдах үйлдвэрүүдтэй мах боловсруулах үйлдвэрийн цогцолбор байгуулах эхлэл тавигдсан. Төмс боловсруулах Цардуулын үйлдвэрийн хөрөнгө оруулалт орж ирэхээр яригдлаа.
Кластерийн сүлжээг амжилттай хэрэгжүүлж байгаа “Монгол ноос” компанийн ноосон пальтоны үйлдвэрлэл эхэллээ. “Төмөрт трейд” компанийн олимп биеийн тамирын хувцасны, сурагчийн дүрэмт хувцасны төслүүдийг дэмжин хамтран ажиллахаар болсон. БНСУ, Япон улсын харилцаат мужаас адууны өөх, тос, эхсээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулах санал ирүүлснийг дэмжиж байна. Баянжаргалан суманд 6,600мвт-ын цахилгаан станц байгуулж, үйлдвэрлэсэн эрчим хүчээ экспортлох, түүнийг дагалдсан өндөр чанарын газ үйлдвэрлэх үйлдвэр, хаягдал үнсээр барилгын материал үйлдвэрлэх цогцолбор үйлдвэрлэлийн төслийг дэмжин хамтран ажиллаж байгаа гэх мэт олон төслүүд ажил хэрэг болж байна.
Ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж байгаа. Хэт их төвлөрлөөс үүдэлтэй эдийн засгийн үргүй зардлыг багасгах бодлого барьж байгаа хөрөнгө оруулагчдад Төв аймаг газар зүйн хувьд ч, хөдөө аж ахуйн бааз бэлтгэлийн хувьд ч хамгийн таатай орчин болж өгч байна. “Хөгжлийн түүчээ-Төв аймаг 2018” Хөрөнгө оруулагчдын чуулганыг зохион байгуулснаар Төв аймгийн давуу тал, хөгжлийн боломжууд нь бодит ажил болж, аймгийн хөгжлийг түргэтгэснээр Монгол Улсын эдийн засагт ихээхэн түлхэц болсон арга хэмжээ боллоо гэж харж байна.