Д.Сэржмядаг охиныг БНХАУ-ын хилээр нэвтрээгүй гэлээ

2017 оны 11 сарын 29

Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын 2017 оны 12/28 дугаар тогтоолоор байгуулагдсан хамтарсан Ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах ажлын хүрээнд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хот болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь ахалж, бүрэлдэхүүнд Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж болон холбогдох бусад албан тушаалтнууд ажиллав.

Тус ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатарын хийсэн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2017.11.02-ны өдөр найман настай Д.Сэржмядаг гэх эмэгтэй хүүхэд хичээлдээ явна гээд гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй, хаана байгаа газар нь тодорхойгүй алга болсон хэргийн талаар мэдээлэл сонсов. ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дугаартай тушаалаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатараар ахлуулсан ЭЦА-ны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, МБА-ны хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, эрэн сурвалжлах хэлтэс, аймгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагч нараас бүрдсэн 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа юм байна.

Эрэн хайх ажиллагаанд цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтэс, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн, давхардсан тоогоор нийт 1200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд, албаны эрэлч нохой, давхардсан тоогоор 118 тээврийн хэрэгсэлтэй Замын-Үүд сумын 1,2,3,4,5-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 24 байгууллага, 214 аж ахуйн нэгж, 4947 айл өрхөөр нэг бүрчлэн орж шалган, тус суманд шинээр баригдаж байгаа, бүрэн дуусаагүй, бүрэнд дууссан боловч ашиглалтад ороогүй 47 айлын орон сууц, 445 траншей, бохир усны нүхийг шалгаж, сумын нэгдсэн ус цэвэрлэх байгууламжийн усыг шүүж ёроолыг нь шалган, байшингийн дээврийн хонгил, байшин, хувийн сууцандаа подвал, зоорьтой 174 обьектод үзлэг шалгалт хийж гүйцэтгэсэн аж.

Мөн БНХАУ-ын Эрээн хотод суугаа Монгол Улсын Консулын газарт холбогдох мэдээлийг хүргүүлж, Хөх хотын Цагдаагийн газарт Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцааны хэлтсээр уламжлуулан алга болсон охиныг эрэн хайх ажлыг Монгол Улстай хиллэдэг хотуудын цагдаагийн байгууллагад чиглэл өгүүлж, идэвхжүүлэн ажиллах талаарх хүсэлтийг албан тоотоор хүргүүлсэн. БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газраас Д.Сэржмядаг охиныг БНХАУ-ын хилээр нэвтрээгүй, эрэн хайх, шалгах ажиллагааг хийж байна гэсэн албан бичиг ирүүлснийг хүлээн авсан. Одоогоор илэрсэн зүйлгүй, эрэн сурважлан олж тогтоох ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэсэн мэдээллийг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50425
0 эможи
keyboard_arrow_up