Увсын Засаг даргыг унагаах санаархлын цаад эзэн хэн бэ
Иргэн хүн үзэл бодлоо илэрхийлж, шаардлагатай үед төрөөс хамгаалалт шаардан авах нь ардчиллын хамгийн чухал үнэт зүйлсийн нэг билээ. Тиймдээ ч 1990 оноос хойш монголчууд өөрт тулгарсан дарамт шахалтыг нийтэд түгээх, үүндээ хэвлэл мэдээллийн хэрэгслийг татан оруулах бүрэн боломжтой болсон. Энэ эрх чөлөө олон мянган хүнд бусдын дарамтгүйгээр, тайван амгалан амьдрах бололцоог нээж өгсөн. Гэвч жирийн иргэн, дарга даамлын хэн нь ч эрх чөлөөгөө хуулийн хүрээнд эдлэх ёстой. Түүнээс бус ардчилал нэрийн дор бусдыг доромжилж, гүтгэн гутаах, олон нийтэд санаатайгаар худал мэдээлэл тараан төөрөгдүүлэх нь иргэний эрх биш гэмт хэрэг болно.
Тэгвэл яг энэ жишээ өнөөгийн нийгэмд эрчээ авчихлаа. Иргэн хүн эрхээ эдлэхийн хажуугаар үүргээ ч биелүүлэх ёстой. Тийм байтал дургүйг нь хүргэсэн бүхнийг муучлан гүтгэж, олон нийтийн сүлжээгээр гутаан доромжилж, сав л хийвэл хэвлэлийн хурал зохион байгуулж, индрийн цаанаас хий хоосон сүржигнэх явдал олширчээ.
Тухайлбал, өнөөдөр Увс аймгийн Засаг даргыг огцруулах асуудалд олон нийтийг уриалах чиглэлтэй хэвлэлийн бага хурлыг тус аймгийн Засаг даргын орлогч асан Ц.Батболд зохион байгуулав. Чингэхдээ ардаа “Хууль бус Засаг дарга” хэмээсэн сүржин лоозон хадсан байх юм. Яг л ийм жишгээр хэн дуртай нь Монгол Улсын хуулийн үндэс агуулгыг мушгин гуйвуулж, шүүх хяналтын байгууллагаас тогтоогоогүй байхад бусдыг хууль зөрчсөн хэмээн өөрийнхөөрөө дүгнэж, үүнийгээ нийтэд цацах нь иргэний үүрэг биш баймаар.
Хэвлэлийн хурлын агуулгыг сийрүүлбээс, энэ сарын 7-ноос ирэх сарыг 7-ныг хүртэл Улаангом хот дахь Цэдэнбалын талбайд хэсэг бүлэг иргэн жагсаал, суулт зарлахаар болж, үүндээ нийтийг уриалж байгаа аж. Юуны учир хүйтэн сэрүүн эхэлж байхад ийм шийдвэрт хүрсэн бэ гэвэл, жагсаалыг зохион байгуулагч, аймгийн орлогч дарга асан Ц.Батболд нь Увсын Засаг дарга Д.Батсайханыг нэгдүгээрт, хууль бусаар томилогдсон гэж үзсэн тул огцрохыг шаарджээ. Тэгвэл тухайн үед Д.Батсайханыг томилсон Засгийн газар, шалгаж байцаан нягталсан АТГ-ыг Ц.Батболд буруутгаж байгаа аж. Хэрвээ тийм бол мань хүн ингэж нийтэд ташаа мэдээлэл түгээхийн оронд түүний томилгооны хууль бус гэдгийг баримттайгаар дэлгэж илчлэх ёстой баймаар. Гэтэл зүгээр л Ц.Батболд өөрийн хардаж явдаг бодлоо үнэн бодит мэтээр цацсан нь энэ ажээ.
Хоёрдугаарт, тэдний үзэж буйгаар Д.Батсайхан мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй гэжээ. Яг үнэндээ, мөрийн хөтөлбөр биелсэн, эсэхийг үүрэг хугацаа нь эхлээд нэг жил болж байхад шууд дүгнэх ямар ч боломжгүй.
Гуравдугаарт, төрийн албаны хүнд суртал Увс аймагт хэрээс хэтэрсэн учраас үүнд Засаг дарга хариуцлага хүлээн ажлаа өгөх ёстой аж. Түүгээр ч үл барам орлогч дарга асан Ц.Батболдад таалагдаагүй учраас аймгийн Тамгын газрын дарга, мөн хэлтсүүдийн дарга нар ч үүрэгт ажлаасаа огцрох ёстой болжээ. Үгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэж байна.
Хэвлэлийн хурал хийж буй хүмүүс ерөнхийдөө ийм мэдээлэл өгсөн тул нарийвчлан судлахаар бид Увс аймаг руу холбогдсон билээ. Хэрвээ баруун хязгаарт үнэхээр л ийм асуудал үүсээд байгаа юм бол ард иргэд нь ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй. Гэхдээ орон нутаг дахь иймэрхүү тэмцлүүдийн ард өөр ашиг сонирхол, улстөрийн зөрчил байх нь элбэг тул олон талын эх сурвалжаас дараах мэдээллийг авав.
Гэтэл хэвлэлийн хурлаар тоймтой нарийн мэдээлэл өгөөгүй нь ч учиртай аж. Тодруулбал, жагсаалыг зохион байгуулагч Ц.Батболд гээч нь 2016 оны долдугаар сарын 17-нд Увс аймгийн Засаг даргын орлогчоор томилогджээ. Ингээд албан үүргийн хуваарийн дагуу баяр наадам, тэмдэглэлт ой, арга хэмжээг зохион байгуулах комиссын даргаар очсон байна.
Аймгийн Засаг дарга Д.Батсайханы тухайд орлогч даргатайгаа ямар нэгэн хувийн үзэл бодлоо харилцаж байгаагүй, тэгээд ч Ц.Батболдыг халагдах шалтгаанд хүртэл энэ хоёр тун ч эвсэг хамтран ажиллаж байсныг аймгийн ЗДТГ-ын ажилтан, албан хаагчид нотлох юм билээ.
Халагдах шалтгаан гэдгийг дэлгэрүүлбэл, 2017 оны долдугаар сарын 27-30-нд Хан Хөхий хайрханыг тахих, баруун бүсийн хурдан морины Даншиг наадмыг зохион байгуулах комиссыг ажил үүргийн хуваарийн дагуу орлогч дарга Ц.Батболд ахалж байжээ. Энэ наадмын талаар зөвхөн баруун бүсийнхэн ч биш улс орон даяар ярьж, тийш зорьж байсныг уншигчид санаж байгаа биз ээ. Гэтэл долдугаар сарын 30-нд мөнөөх комиссын дарга маань биеэ хянах чадваргүй болтлоо согтуурхаж, улмаар аймгийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүний жагсаалын өмнө Засаг дарга Д.Батсайхан руу дайр давшлан, хэл амаар доромжилж, бүр салаавч гарган танхайрсан байна. Хамгийн гол нь, Ц.Батболд ажилдаа хайнга хандсанаас болж Даншиг наадмын хаалтын ажиллагаа тэр чигтээ бүтэлгүйтсэн аж. Энэ тухайд, увсынхан наадмаа тааруу зохион байгуулсан гэх яриа нийслэлд ч яригдаж байлаа.
Тиймээс цагдаа нар Ц.Батболдод зохих шаардлагыг тавихад өөдөөс нь дарамтлах маягаар харьцаж “Та нарыг бүгдийг чинь унагаана. Ер нь та нар намайг шалгах эрхгүй. Би өмгөөлөгчөө дуудчихсан” гэсэн нь бичлэгт тод үлджээ. Иймд түүнийг Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргасан ч мань хүн өнөөдрийг хүртэл “Би ерөөсөө согтоогүй” гэж зүтгэсээр байгаа аж. Гэтэл нэлээд урт хугацааны бичлэгт түүний согтуурхан, агсарч, цагдаагийн өөдөөс томорч байгаа нь тодоос тод бичигдсэн байх юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, Ц.Батболд ЗДТГ-т доодох ажилтнуудтайгаа ер нь л дээрэнгүй харьцаж, үг хэлээр доромжилдог. Засаг даргатай ч ажлын шаардлага тавьснаас нь болж маргалдаж байсан тохиолдол цөөнгүй бий юм билээ.
Энэ мэт шалтгаанаас үүдэн Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас албан үүргээ биелүүлж чадаагүй, удаа дараа архидан согтуурч ажил цалгардуулсан орлогч дарга Ц.Батболдод хариуцлага тооцож, арга хэмжээ авахыг аймгийн Засаг дарга Д.Батсайханд даалгасан байна. Энэ хурал өнгөрсөн наймдугаар сарын 4-нд болсон ба Хөдөлмөрийн тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журмын дагуу Ц.Батболдыг нь ажлаас нь халах шийдвэрийг гаргасан ажээ.
Энэ бол Монгол Улсын хөдөлмөрийн зах үээлд зайдшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэдгийг өнгөрсөн хугацаанд бид маш сайн ойлгож авсан. Нөгөөтэйгүүр төрийн албан хаагч албан ажлаа гүйцэтгэх үеэрээ согтуурч, энэ нь олон нийтийн эрх ашгийг зөрчсөн бол зөвхөн ажлаас халах төдийгөөр шийтгэх нь ч буруу.
Уг нь Ц.Батболдыг ажлаас халахдаа тэрбээр үүнийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, хуулийн дагуу өөрийгөө өмгөөлж, асуудалд ул суурьтай хандах эрхийг нь тодорхой зааж өгсөн байх аж. Гэтэл Ц.Батболд хууль, хяналтын байгууллагад хандахдаа 2017 оны долдугаар сарын 30-нд согтуурхсанаа хүчингүй болгуулахыг л зорьжээ.
Эндээс харахад, Ц.Батболд нь зөвхөн эрхийнхээ тухай ярих ч үүргийнхээ талаар ганц ч удаа ам нээсэнгүй. Аймгийн орлогч дарга гэдэг өндөр хариуцлагатай ажил. Хэн дуртай нь энэ албыг аваад байж болохгүй. Харин Ц.Батболд өөрийн гаргасан алдааг хүчээр баллуурдахаар өнөөг хүртэл зүтгэлж, Засаг дарга Д.Батсайхан болон бусад албан хаагчийг нэр цохон ЗДТГ-аас гаргуулахаар санаархаж байгаа нь ганц түүний хувийн өс хонзон гэхэд үнэмшимгүй санагдав. Гэхдээ сураг сонсох нь, Ц.Батболдыг турхираад байгаа цаад эзэн нь Увсын Засаг дарга асан Д.Цэндсүрэн гэцгээх юм.
Энэ нөхөр мөнгө төгрөг идэж уусан гэдгээрээ чамгүй их нэр нь сонстож байсан ч нэг хэсэг нам гүм болсон. Гэтэл саяхан Ч.Хүрэлбаатарыг олон нийтийн сүлжээгээр муучилснаар дахиад л олны анхааралд өртөв. Цагтаа “Чингис”, “Самурай” бондын мөнгөнөөс Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн, Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг нар зувчуулсан хийгээд эдний балгаас болж Хятадын компанид их хэмжээний мөнгө төлөх асуудал үүссэн нь маш том дуулиан болж байв.
Тус аймагт хэрэгжсэн гудамж төслийн гүйцэтгэгч “Шинжан шиньфа” компани орон нутгийн чанартай “Худалдааны гудамж”-ны 3.2 км замыг зураг төсөвт огт тусгагдаагүй байдлаар тавьснаар Монгол Улсын хаана ч баригдаагүй хамгийн үнэтэй зам буюу 10 тэрбум төгрөгөөр үнэлсэн нь аймгийн иргэдийнх нь шүүмжлэлийг хүртээд зогсохгүй хуулийн хяналтын байгууллагаар шалгагдах болсон байна. Өөрөөр хэлбэл, Д.Цэндсүрэнг Монголд байхгүй өндөр өртөгтэй зам барьсныг замын компаниуд шагшиж байлаа. Харин одоо тэрбээр орлогч дарга асан Ц.Батболдыг турхиран аймгийнхаа өнөөгийн удирдлагуудыг баалахаар зэхээд буй бололтой.