Монголын хамгийн УРТ ГҮҮР ашиглалтад орлоо
Булган аймгийн Сэлэнгэ сум, Сэлэнгэ мөрөн дээгүүр 437,2 метрийн урттай бетон гүүрийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад орууллаа. Монголдоо хамгийн уртад тооцогдох тус гүүрийг анх удаа, 100 хувь өөрсдийн хөрөнгө, оюун ухааны цар хүрээ, монгол ажилчдын хүч хөдөлмөрөөр барьж байгуулсан нь энэ юм.
Сэлэнгэ мөрөн дээгүүр баригдсан 6 дахь гүүр ашиглалтад орсноор, газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ суманд ургацын тээвэрлэлтийг түргэсгэх, тээвэрлэлтийн зардлыг багасгах, сумын иргэд болон улс орны нийгэм эдийн засагт онцгой үр дагавар өгөхөөр, өндөр ач холбогдол бүхий бүтээн байгуулалт гэж үзэж байна.
Гүүрний зураг төслийг “ГБЭТ” ХХК гаргаж, барилгын ажил, бүтээн байгуулалтыг 2 жилийн хугацаанд Баян-Өлгийн аймгийн “Хотгор зам” ХХК түргэн шуурхай, шинэ технологийн дагуу барьж гүйцэтгэсэн. Даацын хувьд сүүлийн үеийн норм буюу 1 тэнхлэгийн ачаа 14 тн, тулгуураас тулгуур хооронд 140 тнн-г даах хүчин чадалтайгаар ган бүтэц, төмөр бетон хийц нэгдсэнээр бат бөх, сайн чанаруудыг бий болгосон байна. Бүтээн байгуулалтанд “Хотгор зам” ХХК-ийн нийт 120 гаруй ажилчин, Хялганат тосгоны цэргийн ангийн хамт олон сэтгэл зүрхээ зориулан барьсан юм.
Монгол улсын анхны хамгийн урт төмөр бетон гүүрийн нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат, БСШУЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр болон аймгийн удирдлагууд, нутгийн иргэд оролцов.
Орон нутгийн ард иргэдийн олон жилийн хүсэл мөрөөдөл, хэрэгцээ шаардлагыг биелүүлсэн гурван үеийн УИХ, Засгийн газар, аймгийн удирдлагуудад нутгийн удирдлагын зүгээс талархлаа илэрхийллээ.
“Ингэтийн гүүр” Сэлэнгэчүүдийн амьдрал, үйл ажиллагаа, хөгжлийн их холбоос, байгалийн баялаг, ойн санг түшиглэсэн хөгжлийн шинэ чиглэлийг дэмжих нэгэн гарц боллоо гэж Сэлэнгэ сумын Засаг дарга Ш.Насандулам хэлсэн үгэндээ онцолсон юм.