ОБЕГ: 1000 гаруй иргэн замд хаагдсан

2017 оны 10 сарын 09

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар их цас орж, цасан шуурга шуурсны улмаас хот хоорондын болон олон улсын автозамын дагуу хүндрэл үүссэн. Үүний улмаас иргэд автомашинтайгаа цасанд суух, тээврийн хэрэгсэл цасанд боогдсон, мөстсөн замын дагууд халтиргаа гулгааны үүссэний улмаас автомашинууд замын хажуу руу гулгаж орсон, мөргөлдсөн, онхолдсон зэрэг 1000 орчим дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагын алба хаагчид ажиллан нийт 1349 хүний амь насыг авран хамгаалж, 242 автомашиныг цаснаас татаж гарган иргэдийн амь нас, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Тухайлбал, Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Улаан багийн “Мөнгөтийн шуудуу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 58 км-т/ автомашин цасанд суусан тухай дуудлагаар /2017.10.08-ны өдрийн 00:10 цагт/ Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 6 автомашиныг цаснаас татан гаргаж, 22 хүнийг аварсан.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн “Цагаан давааны-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 12 км-т/ их цас орсны улмаас автозамын зорчих хэсэг мөстөж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн, автомашин цасанд боогдсон, замын хажуу руу автомашин гулсан орсон тухай дуудлагаар /2017.10.08-ны өдрийн 09:00 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 5 автомашиныг цаснаас татан гаргаж, 225 хүнийг аварсан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн “Гавшгай” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/ их цас орсны улмаас автозамын зорчих хэсэг мөстөж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн, замын хажуу руу автомашин гулсан орсон тухай дуудлагаар /2017.10.08-ны өдрийн 10:45 цагт / аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 9 автомашиныг цаснаас татан гаргаж, 42 хүнийг аварсан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хустайн даваа”, “Сэтэрхийн хөтөл”, “124-ын даваа”, “Тахилтын даваа” Гонир багийн “Бөө булгийн даваа” гэдэг газруудад их цас орсны улмаас автозамын зорчих хэсэг мөстөж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн, замын зорчих хэсгийг хааж автомашин зогссон, замын хажуу руу автомашин гулсан орсон тухай дуудлагаар /2017.10.08-ны өдрийн 09:11 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 102 автомашиныг цаснаас татан гаргаж, 443 хүнийг аварсан.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн “Хустайн даваа”, “Зулзагын гол”, “Хүйтний гол”, 2 дугаар багийн “8 дугаар баригад”, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Нарийн гол” гэдэг газруудад их цас орсны улмаас автозамын зорчих хэсэг мөстөж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн, замын зорчих хэсгийг хааж автомашин зогссон, замын хажуу руу автомашин гулсан орсон тухай дуудлагаар /2017.10.08-ны өдрийн 09:00 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын 33 алба хаагч, 8 автомашин, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашин, нийт 36 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 120 автомашиныг цаснаас татан гаргаж, 613 хүнийг аварсан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн “Хүн чулуутын хөшөө” гэдэг газар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат иргэн Л /26 настай, эрэгтэй/, Б /16 настай, эрэгтэй/ нар малаа хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагаар /2017.10.08-ны өдрийн 16:40/ тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран эрэн, хайх ажиллагааг зохион байгуулж, Төв аймгийн Сүмбэр сумын “Шавар хэрэм” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Дээрхи дуудлагуудад Онцгой байдлын албанаас нийт 86 алба хаагч, 18 техник хэрэгсэлтэйгээр ажилласан бол орон нутгийн цагдаагийн болон зам арчлалтын компанийн алба хаагчид, сайн дурын иргэд хамтран цасанд боогдоод байсан зам, давааг нээх ажилд хамтран оролцсон.

Тухайлбал, нийслэлийн орчим буюу Эмээлт, Баруунтуруун, 52-ын давааны дагууд иргэд автомашинтайгаа цасанд суусан, цасанд боогдсон дуудлагад Пажеро автомашин сонирхогчид, Лексус хөлөглөгчдийн группынхэн ажиллаж, автомашинтайгаа цасанд суусан, тээврийн хэрэгсэл цасанд боогдсон, замын хажуу руу гулгаж орсон, мөргөлдсөн, онхолдсон автомашинуудыг татаж гаргах ажилд хамтран оролцжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47915
1 эможи
keyboard_arrow_up