6 хүн амиа алдсан ноцтой осол гарлаа
Өчигдөр 07:40 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Баяндавааны адаг замд Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний “Дайчин сүх” ХХК-ний "Hyundai Bus" маркийн 0522 СҮА дугаарын автобус замын хажуу руу онхолдсон зам тээврийн ноцтой хэрэг гарчээ.
Автобусанд нийт 48 зорчигч явснаас 7 сартайгаас 18 настай 14 хүүхэд 2 жолооч 32 том хүн явсан бөгөөд ослын улмаас болж 5 хүн газар дээрээ, нэг хүн нь эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ. Амиа алдсан хүмүүсийн хамгийн залуу нь 18 настай хамгийн ахмад нь 58 настай хүмүүс байсан бөгөөд эдгээр 6 иргэний дотор 7 сартай хүүгийн эцэг эх хоёр ч байгаа юм байна.
Зорчигчид бүгд хүнд хөнгөн гэмтлийн зэрэгтэй эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд нийт 43 хүн Гэмтэл согогийн үндэсний төвд хүргэгдсэнээс 2 хүн сэхээнд 8 хүн нуруу нугасны тасагт 9 хүн тархи толгойны тасагт, нийт 19 хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Ослын хүрээнд үүссэн нөхцөл байдлаар УИХ-ын гишүүн М.Зоригт, Зам тээврийн сайд А.Гансүх нар холбогдох мэдээлэлтэй танилцаж, Дэд сайд Н.Ержанаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм байна. Өмнө нь манай улсад том оврын автобусны үйлчилгээ үзүүлдэг болсноос хойш нэг хүний гар хугарч байснаас өөр эрдэнэт хүний амь үрэгдсэн тохиолдол гарч байгаагүй юм байна.