Завхан аймгийн дэд бүтэц харьцангуй сул хөгжсөн
24 сум, 115 багтай тус аймаг газар нутаг томтой, тэр хэрээрээ дэд бүтэц харьцангуй сул хөгжсөн аймгуудын нэг. Автозам, бусад бүтээн байгуулалт ойрын үед эрчимжсэн ч энэ жилийн хувьд төсөв нь танагдаж, зарим томоохон ажил удаашраад байгааг аймгийн засаг дарга Ж.Жамъянтив дурьдлаа. Ард иргэдийнхээ аж амьдрал, хөгжил хамгаалалд чиглэсэн “Эрүүл мэнд-эрс шинэчлэл”, “Зөв монгол хүүхэд”, “Хүүхэд залуусын хөгжлийн хөтөлбөр”зэрэг хөтөлбөрүүдийг Завхан аймаг хэрэгжүүлж байна.
Төрийн хийгээд орон нутгийн энэ мэт бодлого, шийдвэрийг өрх айл бүрт хүргэх үүрэгтэй анхан шатны нэгждээ анхаарч байгааг сайшаахын зэрэгцээ төрийн байгууллагуудын шат шатанд давхардсан ажил үүргийн хуваарилалтыг цэгцлэх тухай саналыг “Баг-иргэний засаг захиргаа” ээлжит хэлэлцүүлгийн үеэр олон хүн ярьлаа.
“Багийн дарга бол аль нэг байгууллагын ажилтны зараал, зарлага болох ёсгүй. Хэнийх гэдэг айлд ямар асуудал бэрхшээл байна гэдгийг нэг бүрчлэн мэдэж, хариуцсан багийнхаа өрх иргэн бүрт төрийнүйлчилгээ хүргэхийн төлөө ажил санаачилдаг албан хаагч байх учиртай. Багийн засаг дарга нар энэ үндсэн ажлаа хийх нөхцөл бүрдүүлэхийн тулд хууль эрх зүй, бодлого зохицуулалтын ямар шинэчлэл хийх хэрэгтэйг газар дээрээс нь тодруулж гаргахаар ЗГХЭГ-аас 21 аймагт хэлэлцүүлэг явуулаад бараг дуусч байна. Анхан шатнаас дэвшүүлсэн саналуудыг багийн шинэчлэлийн бодлогод тусгана” гэж Завхан аймагт болсон хэлэлцүүлгийн үеэр ЗГХЭГ-ын Дэд дарга Ч.Сайнбилэг хэллээ. Мөн тэрбээр, Монгол Улсын 330 гаруй сумын 310 шахам нь интернэтийн сүлжээнд холбогдоод байгаа ба энэ сүлжээгээр дамжуулан төрийн үйлчилгээ, мэдээллийг шуурхай солилцдог болно. Цаашид суурин багуудад ийм цахим дэд бүтэц бий болгох замаар анхан шатны нэгжийн ажлыг хөнгөн хялбар болгоно.