“Баг-иргэний засаг захиргаа” хэлэлцүүлэг Алтай хотноо боллоо
Анхан шатны нэгжийн ажил үйлчилгээг сайжруулахаар төр засгаас бодлого боловсруулж байгаад Алтайчууд талархахын зэрэгцээ тус аймагт тулгамдсан асуудлуудыг шийдэх зохицуулалтыг багийн шинэчлэлийн бодлогод тусгахыг хүслээ.
“Алтайн хүдэр” компанийг хариуцлагажуулах, Завхан, Ховд аймгийн уул уурхайн компаниудын тээвэрлэлтэд шаардлага тавьж тусгай замаар явуулах, “Марко Поло” гэх компани олборлолт явуулдаг Бигэр суманд үсгүй ботго, гурван хөлтэй унага гарсан нь химийн бодисын хордлогын нөлөөтэй эсэхийг мэргэжлийн байгууллагаар шинжлүүлэх, уул уурхайн компаниуд дур зоргоороо худаг ухаж, алтны компаниуд хүнд даацын машинаар бэлчээр хадлан сүйтгэж байгааг зохицуулах, орон нутагт хайгуул хийх зөвшөөрөл олгохдоо багийн иргэдийн саналыг заавал авдаг болох зэрэг саналыг Говь-Алтай аймгийн анхан шатны нэгжийн удирдлагууд “Баг-иргэний засаг захиргаа” хэлэлцүүлгийн үеэр тавилаа.
Усны ундарга нөөцийг зөв тооцоогүйн улмаас шинээр гаргаж буй худгуудын ус нэг онгоц дүүргээд л шавхагдчихаад байна. Сэрхийн нурууны ирвэсийн тоо толгой өсч, мал руу дайрах нь элбэгшсэн ч агнах эрхгүй малчид нөхөн төлбөр авч чадахгүй байна, сүүлийн үед бууцны ченж бий боллоо гэх мэт ард иргэдийнхээ амин асуудлыг ч багийн засаг дарга нар хөндлөө.
Хөдөөгийн алслагдсан сумдад албан бичиг хугацаа алдаж очдог нь төрийн ажил цалгардах нэг шалтгаан болдог. Энэ байдлыг халахын тулд Говь-Алтай өдөрт хоёр удаа шуурхай дамжуулж эхэлсэн нь бусад аймагт хэрэгжүүлж болох сайн туршлага болжээ. Говь-Алтай аймагт болсон “Баг-иргэний засаг захиргаа” хэлэлцүүлэгт тус аймгийн 83 багийн засаг дарга оролцлоо