“Баг-иргэний засаг захиргаа” хэлэлцүүлэг Баян-Өлгийд боллоо
Анхан шатны нэгж хэрхэн ажиллах жишээг алс баруун хязгаарын казах түмэн харуулж байна. Хөдөөгийн айл өрхүүд нь овог удмаараа, хөрш саахалтаараа хорших байдлаар бие даан амьдрахад чадваржсан, багийн төвүүддээ төрийн үйлчилгээнээс гадна соёл уламжлал, ёс заншлаа хадгалах орчин нөхцөл бүрдүүлсэн байна. Ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах орчныг хамгаалах чиглэлээр Өлгий сумын 8-р багийн Засаг дарга Ж.Жулдызын туршлагыг аймгийн удирдлагууд онцолж байна.
Тус багт ашиглаж байгаа гүний 170 гаруй гар худгийг мэргэжлийн байгууллагаар шинжлүүлэхэд 120 нь бохирдолтой гарсан учраас тэрбээр “Ундны цэвэр ус” хөтөлбөр боловсруулж, төсөл сангуудаас хөрөнгө босгон айл өрхүүдээ хамруулжээ. Аливаа асуудлын шийдлийг дээд байгууллагууд рүү зааж суулгүй иргэдийнхээ хүч, сэтгэлийг нэгтгэн хийж болохыг харуулсан энэ мэт туршлагаасаа Өлгийчүүд “Баг-иргэний засаг захиргаа” хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа.
ЗГХЭГ-аас орон нутагт зохион байгуулж байгаа энэ хэлэлцүүлгийн үеэр бусад аймгийн шилдэг туршлагаас ч танилцуулж байгаа юм. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р баг буюу Түнхэл тосгоны Засаг дарга С.Раднаабазар Өлгийчүүдэд ажлын туршлагаа хуваалцахдаа хүн амынх нь 25 хувийг казахчууд эзэлдэг Түнхэл тосгон бол Сэлэнгэ аймгийн казах бүс хэмээн тодотгож байв. С.Раднаабазар гуай багийн Засаг даргаар 6 жил ажиллахдаа тосгоныхоо өнгө төрх, хэвшил соёлыг илт өөрчилсөн юм. Нэн яаралтай шийдэх асуудлаа иргэдийнхээ саналаар тодорхойлж, түүнийгээ биелүүлэхийн тулд иргэдийнхээ идэвхийг өрнүүлж хүчийг нь нэгтгэж, хувийн хэвшил болон гадаад дотоодын төсөл хөтөлбөрөөс санхүүжилт татсанаар төсвийн хөрөнгөөр л хийж чадахуйц олон бүтээлч ажил амжуулсан байна. Тосгоноо цаашид сум болгож өргөжүүлэх тэмүүлэл бидэнд бий, гэхдээ үүнийг өөрсдөөсөө эхэлж, орчин нөхцөлөө сумын дайтай болгож хөгжүүлэхийг хичээдэг гэж С.Раднаабазар дарга ярилаа.
Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг баг дээрээ шийддэг болох, халамжийн зарим үйлчилгээг төсөв мөнгөтэй нь багт шилжүүлэх, малчидтай харилцах харилцаанд шинэчлэл хийх замаар үйлдвэржилтийг дэмжих, багийн өрхийн тоог 80-100 байлгах, багийн хилийн цэсийг газрын зураг дээр баталгаажуулах хэрэгтэй гэсэн саналуудыг Өлгийчүүд дэвшүүллээ. Анхан шатны нэгжийн ажилд Шинэчлэлийн Засгийн газар онцгойлон анхаарал тавьж буйг казах зон талархан дэмжиж байгааг Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан онцоллоо.