“Архи, тамхины эсрэг цэцэг” өдөрлөгийг зохион байгуулжээ
Дорнод аймгийнхан 2014 оны 05 дугаар сарын 31-ний “Тамхины эсрэг дэлхийн өдөр ”, 06 дугаар сарын 01-ний “Архигүй өдөр”-ийг тохиолдуулан архи, тамхины хор уршиг, түүнээс үүсэх өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хорт зуршлын эсрэг өрөө тасалгаагаа цэцэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эх дэлхийгээ агаарын бохирдлоос хамгаалах, иргэдийг эрүүл амьдралд уриалахаас гадна бие биедээ цэцэг, үрсэлгээ бэлэглэх боломжийг иргэдэд олгох зорилгоор “Архи тамхины эсрэг цэцэг” өдөрлөгийг тусгаар тогтнолын талбайд 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн үеэр Эрүүл мэндийн газрын ажилтнуудын өөрсдийн тарьсан 300 ширхэг цэцэг, үрсэлгээ болон архи, тамхины хор хөнөөлийн талаарх сурталчилгааны наалт, зөвлөмжүүдийг Хэрлэн сумын ард иргэдэд түгээлээ.
Мөн өдөрлөгийн үеэр ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд “Архи, тамхи бидний сонголт биш” гар зургийн уралдааныг зохион байгуулж, Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн 40 гаруй хүүхэд оролцсоноос ахлах ангийн сурагчдаас Хан-Уул сургуулийн 11-р ангийн сурагч Э.Цэдэн тэргүүн байр, 2-р сургуулийн 11-р ангийн сурагч Ч.Гандорж дэд байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал, дунд ангийн сурагчдаас 6-р сургуулийн 5-р ангийн сурагч Д. Өлзийдэлгэр тэргүүн байр, 8-р сургуулийн 7а ангийн сурагч А.Ариунбат дэд байрыг эзэлж тус тус өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.