Хавдрын эсрэг үндэсний аян үргэлжилж байна

2014 оны 5 сарын 27

2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт албан ёсоор нээлтээ хийсэн “Хавдрын эсрэг үндэсний аян 2014”-ийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын баг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт амжилттай ажиллаад ирлээ.

Аяны нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ХААН банкны Ерөнхий захирал Като, ХСҮТөвийн Ерөнхий захирал Л.Төмөрбаатар нар болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн ЗДТГазар, Эрүүл Мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, аймгийн ард, иргэд өргөнөөр оролцсон.

Аяны хүрээнд хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх, эрсдэлт бүлгийн хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд оруулах, зарим төрлийн мэс засал эмчилгээг орон нутагт хийх, хорт хавдрын улмаас эмчийн хяналтад байдаг хүмүүст хяналтын үзлэг хийх зохих тусламж, үйлчилгээг үзүүлэх, зөвлөгөө өгөх, эмч эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон ХААН банкны сайн дурын ажилтнуудад сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хийлээ.

 Дархан-Уул, Сэлэнгэ аймагт нийтдээ 3331 эрсдэлт бүлгийн иргэдийг хавдрын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулсан. Үүнээс хорт хавдрын 22 тохиолдол илрүүлж, цаашдын нарийвчилсан оношилгоо, шинжилгээ хийж байна. Үзлэгээр хоргүй хавдар 173, хавдрын урьдал өвчин 97, хорт хавдрын сэжигтэй 44 тохиолдол илэрч, 242 эсийн шинжилгээ, 21 эдийн шинжилгээ авснаас 125 эсийн шинжилгээг газар дээр нь хийж хариуг гаргаж өглөө. Хорт хавдрын сэжигтэй тохиолдлыг ХСҮТ-д ирүүлж онош баталгаажуулах үзлэг, шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна.

  “Хорт хавдрын эрт илрүүлэлт, оношилгоо эмчилгээ” сэдэвт сургалтад 130 эмч, мэргэжилтнүүд хамрагдав. Мөн эрүүл мэндийн сайн дурын идэвхитэн бэлтгэх сургалт зохион зохион байгуулж, ХААН банк болон бусад аж ахуй нэгжийн 75 ажилтан хамрагдав. 

Аяны бас нэг чухал зорилго нь олон нийтэд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлс тэдгээрээс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах явдал бөгөөд энэ ажлын хүрээнд төв, орон нутгийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нэвтрүүлэг, мэдээлэл бэлтгэн олон нийтийн хүртээл болгох, хорт хавдраас сэргийлэх талаар зөвлөмж, санамж, гарын авлага боловсруулан түгээх ажлуудыг хийлээ.

 ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар Дархан, Сэлэнгэ аймагт ажиллахдаа орон нутгийн эмч нартай хамтран хортой болон хоргүй хавдрын 15 мэс засал, ажилбарыг газар дээр нь хийж, хорт хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулсны зэрэгцээ аймгийн эмч нарыг ажлын байранд нь дагалдуулан сургасан нь ихээхэн үр дүнтэй байлаа. Мөн Сэлэнгэ аймагт ашиглахгүй байсан дурангийн аппарат (улаан хоолой, ходоод, уушиг, гэдэс, давсаг)-ыг ашиглалтад оруулж, дурангийн эмч, сувилагч нарыг дагалдуулан сургалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3544
0 эможи
keyboard_arrow_up