Цөмийн энергийн газрын даргын мэдэгдэл

2014 оны 5 сарын 27

Манай нийгэмд айдас, эргэлзээ, хардлага төрүүлж буй цөмийн хог хаягдлын эсрэг бодлого, хууль, ерөнхийлөгчийн зарлиг байгааг цохон тэмдэглэмээр байна. Тиймээс Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад улсын цөмийн хаягдал булшлах асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 

Аливаа цуурхал, худлаа мэдээлэлд хууртахгvй байхыг иргэд, олон тvмэнд сэрэмжлvvлж байна.

Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын дарга бөгөөд Цөмийн болон цацрагийн хяналтын Улсын ерөнхий байцаагч  Н. Тэгшбаяр

ЗАСГИЙН ГАЗРААС ЗАРИМ ЦУУ ЯРИАНД ӨГСӨН ТАЙЛБАРЫН ТУХАЙ

“Японоос цөмийн хаягдал оруулж ирж булах нь” гэсэн цуурхлын тухайд:

Японоос цөмийн хаягдал оруулж ирж булах гэж байна гэж зарим улс төрийн нам, олон нийтийн байгууллагаас мэдэгдэл хийлээ. Энэ мэдэгдлээрээ Ерөнхий сайд Япон улсад айлчлахдаа тус улсын цөмийн хаягдлыг Монголд булшлахаар тохиролцсон, Гадаад харилцааны сайд уран олборлох гэрээг Франц улстай хийсэн гэхчлэн ярьжээ.

Монгол Улс бол цөмийн энерги, уран олборлолтын талаар бодлогоо тодорхойлсон орон. Японоос цөмийн хаягдал оруулж ирж булах ямар ч үйл ажиллагаа хийгдээгүй, цаашдаа ч хийхгүй гэдгээ Шинэчлэлийн Засгийн газар хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх нь таны эрх боловч төр засгийн бодлого, шийдвэрийг санаатайгаар мушгин гуйвуулсан, гүжирдэн гүтгэсэн мэдээлэл цацах нь иргэд, олон нийтийн сэтгэл санаанд ноцтой хохирол учруулах тул худал цуу яриаг үндэслэлгүйгээр тараахгүй байхыг Шинэчлэлийн Засгийн газраас онцгойлон анхааруулж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

“Цөмийн хаягдлын тухай”

2011-09-09                                                           Дугаар:  184

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн З дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

            Цөмийн хаягдлын асуудлаар дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосугай.

            1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлыг хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаа явуулахыг хориглосон Монгол Улсын хууль тогтоомжийн зүйл, заалтыг тууштай мөрдөж ажиллах.

            2. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохих шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, Монгол Улсын нэрийн өмнөөс аливаа яриа хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, баримт бичиг үйлдэхийг хориглох.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                   МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД

Ц.ЭЛБЭГДОРЖ                                               С.БАТБОЛД

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3532
0 эможи
keyboard_arrow_up