Баян-Өлгий аймаг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих сан”-тай болжээ
Эрүүл мэндийн яамны БХЗГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал, НҮБ-ын Хүн амын сантай хамтран Баян-Өлгий аймагт ажиллаад ирлээ.
Тус аймгийн Нэгдсэн эмнэлэг, Толбо сумын эрүүл мэндийн төв, “Раушан”, “Шипагер” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ эмч, ажилчидтай уулзаж, ЭМЯ-аас хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлого, Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний талаар ярилцав.
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг нь аймгийн хэмжээнд 104,000 хүн амд үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Аймгийн хэмжээнд 26 эрүүл мэндийн байгууллага ажиллаж байгаагийн 7 нь хувийн эмнэлэг, эдгээрийн 4 нь хэвтүүлэн эмчлэх ортой, сум дундын 3 эмнэлэг, 12 сумын эрүүл мэндийн төв, 1 тосгоны эмнэлэг, 68 багийн эмч, 4 өрхийн эрүүл мэндийн төв хүн амд тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын багцаас 11 аймагт “Оношилгооны төв” байгуулсны нэг нь Баян-Өлгий бөгөөд тус аймгийн “Оношилгооны төв”-д 20 гаруй нэр, төрлийн багаж, тоног төхөөрөмж нийлүүлснийг эмнэлгийн тусламж, үйлчилгээндээ сайн ашиглаж байгаагаа эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд онцолж байв.
Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга хэлэхдээ, “Оношилгооны төв”-ийн болон Нэгдсэн эмнэлгийн засварыг маш чанартай гүйцэтгэсэн. Нэгдсэн эмнэлгийн дотоод засвар, гадна талын тохижилтод Орон нутгийг хөгжүүлэх сангаас 300 гаруй сая төгрөгийг шийдвэрлэж өгсний дагуу эмнэлгийн удирдлагууд шаардлагатай тохижилтын ажлуудыг хийлээ. Эмнэлгийн хатуу зөөлөн эдлэлийг бүрэн шинэчилж, ор бүрт 3 ээлжийн цагаан хэрэглэлтэй болгосон нь эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм сахихад сайнаар нөлөөлж байгаа” гэв.
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд Аймгийн ИТХ-аас санаачлан “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих сан” байгуулсан байна. Одоогоор 20 сая төгрөг уг санд хуримтлагдсаныг эмзэг бүлгийн хүүхэд, эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлж байна.
Мөн төрөх өрөөг камержуулах төсвийг аймгийн Засаг дарга шийдвэрлэж өгсөн бөгөөд ЭМГ-аас санаачлан хүүхдийн эндэгдэл гаргасан сумдыг мэргэжилтнүүдэд хариуцуулан ажиллаж байгаа ажээ.
Мөн НҮБ-ын Хүн амын сангаас тус аймгийн төрөх тасагт 53 сая төгрөгийн ЭХО аппарат, тоног төхөөрөмж гардуулан өгөв.
Аймгийн Засаг дарга Х.Дармен томилолтын багийн гишүүдийг хүлээн авч уулзаж, эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээг хэрхэн сайжруулах, нярайн эндэгдлийг бууруулах, эхийн эндэгдэл гаргахгүй байх талаар санал солилцов. Орон нутгийг хөгжүүлэх сангаас Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг сайжруулах чиглэлд дэмжлэг үзүүлж байна. Мөн аймгаас зардал мөнгийг нь гаргаад өөрийн аймгийн Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, эх, нярайн эндэгдлийн байдалд мониторинг хийлгэх, судалгаа хийлгэх санал тавив. Тэрээр групп буюу хөдөлмөр магадлах комиссын үйл ажиллагааг боловсронгуй болгох, тухайлбал хүмүүст группийн мөнгө гэж олгож байгаа мөнгө нь хүмүүсийн амьжиргаагаа залгуулах мөнгө болж байна. Үүнийг эмнэлэг, эмч нар шийдэж байгаа нь зөв эсэх талаар санал хэлэв.
Хүүхэд, нярайн эндэгдэл өндөртэй байгаа боловч хүүхдийн болон нярайн тасагт ээлжинд нэг сувилагч ажиллаж байгаа нь тусламж, үйлчилгээний хүртээмж муу байхад нөлөөлж байна. Стандартын дагуу хүний нөөцийн хангалт хийхэд төсөв хүрэлцэхгүй байгаа талаар нэгдсэн эмнэлгийн дарга хэлсэн.
Баян-Өлгий аймагт жирэмсний хяналтын чанар муу. Ялангуяа сумын түвшинд жирэмсний хяналтыг сайжруулах шаардлагатай гэдгийг эмч нар хэлж байсан юм. Хүүхэд, нярайн тусламжийн чанарыг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны хүрээнд эрчимжүүлэх, нярайн эмч сувилагчийг шинээр сургаж, орон тоог нэмэгдүүлэх зэрэг багагүй асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа аж.