Төв, хөдөөгийн холимог багийн зохион байгуулалтыг Дундговьчууд туршиж байна
Бусад аймагт жишээ болохуйц шинэлэг хэлбэрийн баг зохион байгуулалтыг Дундговьчууд туршиж байна. Эднийх 66 багийнхаа 24-ийг холимог буюу өөрсдийнх нь нэрлэснээр “нарны цацраг” хэлбэрээр зохион байгуулжээ. Сумын төвийн айл өрхүүдийг хөдөөгийн багуудад хувааж харъяалуулсан энэ холимог зохион байгуулалтын үр дүнд төрийн байгууллагууд хүчээ тарамддаггүй бол төв, хөдөөгийн айл өрхүүд нь мал, бизнесээрээ хорших давуу боломжтой гэж Дундговь аймгийн ЗДТГ-ын дарга О.Чулуунбат хэллээ. Хамгийн гол үр дүн бол сум, багийн ажлын чиг үүрэг давхардахгүй, багийн төв бүрийг албан контортой болгох, тохижуулах, техник хэрэгслээр хангахад зарцуулдаг төсөв хэмнэгдсэн гэнэ. Санаа авах үүн шиг ажлууд багуудад ч байна. Адаацаг сумын Өвөр-Урт багийн Засаг дарга Д.Сүнжидмаа багийн айл бүрээ “Өрхийн тооцооны дэвтэр”-тэй болгожээ. Энэ дэвтэрт малын тоо, ахуйн орлого зарлага, төрд төлсөн татвараа хүртэл тооцоолж болдог байна. Сайнцагаан сумын Арвижих багийн Засаг дарга Л.Батбаяр сонирхлын гурван бүлэг байгуулсан нь үр дүн өгчээ. Төрийн олон төрлийн халамжид хамрагддаг иргэдээс голдуу бүрдүүлсэн энэ бүлгүүд тохижилт цэвэрлэгээ, урлаг соёлын болон аяллын хөтөлбөр хариуцан зохион байгуулдаг бөгөөд энэ нь хөдөөгийн иргэдийн идэвхийг сэргээхээс гадна төсөв хөрөнгө шаардсан ажлыг төрөөс дэмжлэг авалгүй хийх гарц болдог гэнэ.
Дундговь аймаг 2009 онд “Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр” баталж, хөтөлбөрийн хүрээнд жишиг баг бий болгох, төрийн үйлчилгээг цахимжуулах, багийг чадавхижуулах чиглэлээр дорвитой ажлууд хийсэн талаар аймгийн Засаг дарга С.Сүхбаатар танилцуулсан юм. Тухайлбал, төлбөр зардлынх нь талыг аймгаас гарган багийн Засаг дарга нараа төрийн удирдлагын чиглэлээр эчнээгээр сургаж мэргэшүүлснээр Дундговь аймгийн багийн Засаг дарга нар бүгд дипломын болон бакалаврын дээд боловсролтой болжээ. Боловсрол, мэргэжлийн түвшин ахихын хэрээр ажлын арга барил нь дээшилж, илүү үр дүнтэй ажиллах болсон гэж аймгийн удирдлагууд дүгнэж байна. ЗГХЭГ-аас анх удаа засаг захиргааны анхан шатны нэгжийн үгийг сонсч байгаа “Баг-иргэний засаг захиргаа” хэлэлцүүлэг Дундговь аймагт болох үеэр тэд ийнхүү туршлагаа хуваалцсан юм.
Хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, төвөөс алслагдсан байдлаас хамаарч орон нутгийн төсвийг тооцоолон олгодог. 40 мянган хүн амтай, газар нутгийн хэмжээгээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн 4,5%-ийг эзэлдэг,нийслэлээс 280 км-т байрладаг Дундговь аймагт харьцангуй бага төсөв хуваарилагддаг. Хуваарилагдсан төсвөө хамгийн үр дүнтэй зарцуулдаг аймгийн нэг хэдий ч дорвитой бүтээн байгуулалт хийж чадахгүй байна, Сум хөгжүүлэх сангаар дамжуулж ирсэн төсвийг зарцуулах зөвлөлд багийн Засаг дарга нар багтдаггүй учраас анхан шатны саналыг тусгахгүй байна. Иргэний бүртгэлтэй холбоотой хууль журмаа шинэчлэхгүй бол улсын статистик зөрүүлсэн хуурамч өрхийн асуудал шийдэгдэхгүй нь, өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны аргачлал буруу байгаагаас мянгат малчин айл хүртэл ядуу ангилалд багтаж, энэ нь цаашлаад хөдөөгийнхөнд чиглэсэн төрийн бодлогод алдаа гарахад хүргэж байна. Нутаг дэвсгэрийн зохион байгуулалтаас хамаарч Дундговийн зүүн бүсийн иргэд өөрийн баг, сумаасаа биш Говьсүмбэрээс төрийн үйлчилгээ авах нь хялбар боллоо, хөдөөгийн багууд төр-иргэн хоёрыг улам холдуулдаг тул явуулын, эсвэл төв-хөдөөгийн холимог багтай болговол дээр, уул уурхайн нөлөөгөөр Өмнөговь аймгийн малчид Дундговь аймгийн малын бэлчээр лүү түрсээр байна гэх мэт санал, шүүмжийг Дундговийнхон хэллээ.
Дотуур байр хүрэлцээтэй болбол малчдын бэрхшээл шийдэгдэнэ
Энэ удаагийн хэлэлцүүлэгт Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очир, БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг нар оролцож, Шинэчлэлийн Засгийн газраас хөдөө орон нутагт хэрэгжүүлж буй бодлого, улсын эдийн засаг, нийгмийн байдалтай холбогдуулан хийж байгаа ажлуудын талаар танилцуулсан юм.
Шинэчлэлийн Засгийн газар ажлын арга барилыг өөрчлөх, оновчтой зохицуулалт хийх замаар ажлын үр дүнг сайжруулахыг чухалчилдаг. Энэ зарчмыг гол болгож Засгийн газраас боловсруулж байгаа багийн шинэчлэлийн хөтөлбөрт бүх аймгаас дэвшүүлсэн саналыг нэгтгэн тусгана. Гэхдээ асуудлаа зөвхөн Засгийн газарт хэлээд орхих биш хууль эрх зүйн чиглэлээр шийдвэр гаргагчдад хамтын хүчээр үгээ хүргэх хэрэгтэй байна гэж Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очир хэллээ.
Хөдөөгийн иргэдийн аж амьдралтай холбоотой хэд хэдэн чухал шийдвэр хэрэгжиж байгааг БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг онцоллоо. Малчин хүн мянган мэргэжлийн эзэн гэгддэг ч мэдлэг чадвараа нотлох баримтгүй байлаа, харин одоо боловсролын индекстэй 200 гаруй мэргэжлийн нэгт “малчин” багтдаг болсон. Малчдыг аж ахуйгаас нь хөндийрүүлэхгүйгээр мэргэшүүлэхийн тулд радио болон теле сургалт нэвтрүүлж, явуулын багш илгээж байна гэж Б.Ургамалцэцэг сайд танилцууллаа. Мэргэжлийн гэрчилгээ авсан малчид ажил олгох, цаашлаад үйлдвэрлэл явуулах эрхтэй болж байгаа юм. Хүүхэд нь сургуульд ороход өрх хуваагдаж, зохиомол салалт үүсч байна гэж өмнөх хэлэлцүүлгүүдээр орон нутгийнхан олонтаа хөндсөн. Энэ талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг нь сумдын дотуур байрны хүрэлцээг нэмж, тохь тухыг нь сайжруулах. Өнөөгийн байдлаар 145 мянган малчин өрхийн 110 гаруй мянган хүүхэд ЕБС-д сурдгаас 30 гаруй мянга нь л дотуур байранд амьдарч байна. Иймээс дотуур байр нэмж барих, эцэг эхээсээ хол дотуур байранд суугаа бага насны хүүхдүүдийг мэргэжлийн багш нарт хариуцуулахаар ажиллаж байна гэлээ.
Аймгуудад өртөөчлөн зохион байгуулж байгаа энэ хэлэлцүүлгийн үеэр ТҮЦ машиныг хэрэглэх заавар, Засгийн газрын “11 11 төв”-д хандан асуудлаа шийдүүлэх боломж зэрэг иргэнд ойртсон шинэ үйлчилгээнүүдийг орон нутгийнханд тайлбарлан таниулж байгаа юм.