Нэмэлтээр онгоц илгээж Ховдын зорчигчдыг авчирлаа

Өчигдөр Ховдоос Улаанбаатарыг зорих гэж байсан МИАТ ХК-ийн ОМ7056 нислэгт техникийн доголдол гарсан бөгөөд шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Энэ талаар МИАТ ХК-ийн холбогдох албаныхнаас тодруулахад фэйсбүүк хуудсандаа мэдээллээ тавьсан байсан юм.
Тус компанийн фэйсбүүк хуудаснаа “Нислэг саатлын мэдээлэл. 5-р сарын 3-ны өдрийн Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 аялал хөөрөлтийн өмнөх гүйлтийн техникийн саатал гарсан тул үзлэг хийх шаардлагатай боллоо. Иймд тус аялал тодорхойгүй хугацаагаар хойшилж байна. Бид уг нислэгээр саатсан зорчигчдыг Улаанбаатар хотод өөр агаарын хөлгөөр тээвэрлэн ирүүлэхээр ажиллаж байна” гэсэн байв. Ийнхүү өнөөдөр Ховд аймаг руу хоёр онгоц нэмэлтээр илгээж 99 зорчигчийг хоёр хувааж Улаанбаатарт авчиржээ.









