Өмнөговьд нийгмийн үйлчилгээний салбарууд ачаалал ихтэй байна

2014 оны 5 сарын 20

Хөдөөгийн иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг яаж зохион байгуулбал зохистой байна, шат шатны байгууллагын ажил үйлчилгээг хэрхэн уялдуулбал үр дүнтэй ажиллах вэ зэрэг чиглэлээр орон нутгийнхны санал сонсох хэлэлцүүлэг Өмнөговь аймагт өрнөлөө.

“Төрийн бодлого, үйл ажиллагааг дунд, доод шатанд замхруулахгүйн тулд анхан шатны нэгжийн ажил үйлчилгээг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. Шинэчлэлийн Засгийн газар орон нутгийн, тэр дундаа анхан шатны нэгжүүдийн ажил, үйлчилгээг шинэчлэх бодлого боловсруулж эхэлсэн, үүндээ Төрийн ордонд суудаг дарга нарын биш, энэ ажлыг гардан хийдэг албан хаагчдын санаа бодлыг тусгахаар бүх аймагт хэлэлцүүлэг явуулж байна” гэж Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очир хэллээ.

Уул уурхайн хөгжлийг дагасан хүн амын шилжилт хөдөлгөөний улмаас Өмнөговьд нийгмийн үйлчилгээний салбарууд нь ачаалал ихтэй байна. Өмнөговийн үндсэн хүн ам 60 шахам мянга, үүн дээр 40 гаруй мянган иргэн түр суурьшсан гэнэ. Суурин хүн амд нь тохируулан төсөв хөрөнгө баталж өгч, хөгжлийн төлөвлөлт хийдэг жишгээр Өмнөговь аймаг 60 мянган хүнд үйлчилгээ хүргэх хэмжээний л төсөв, төлөвлөгөөтэй. Гэтэл бодит байдал дээр бараг 100-гаад мянган хүнд нийгмийн суурь үйлчилгээ хүргэх үүрэг хүлээж, эрүүл мэнд, боловсролын салбар нь ачааллаа дийлэхээ болилоо. Хэдхэн жилийн дараа усны нөөц, бэлчээрийн хомсдолтой холбоотой асуудал хурцдах төлөвтэй байна. Иймээс орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд суурин болон хөдөлгөөнт хүн амын тоог харгалзаж тооцмоор байна гэж аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж тодотголоо.

Улирлын чанартай түр оршин суугчдаас гадна энэ аймагт шилжин ирэгсдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсэн тул шинээр 5 баг байгуулж, одоо нийт 58 багтай болжээ. “Уул уурхайг даган хөгжиж буй олон төрлийн шинэ бизнесийн нөлөөгөөр хуульд заагдаагүй үйлчилгээнүүд бидний ажилд нэмэгдсээр байна. Иймээс төрийн төлөөлөл зайлшгүй хийх шаардлагатай бүртгэл, лавлагааны үйлчилгээг ялгаж журамлах, эсвэл иргэний цахим үнэмлэхийг хэрэглээнд бүрэн ашигладаг болгож олон  төрлийн тодорхойлолт бичихийг халмаар байна” гэсэн саналыг Өмнөговийнхон дэвшүүллээ. Уул уурхайн нөлөөгөөр амьдрах орчин нь доройтсон сумдад эрэгтэй, эмэгтэй өрх толгойлсон зохиомол айл үүсгэж, баг сум дамжсан хийсвэр харъяалалтай иргэд элбэгшлээ. Нөхөр нь малаа аван бэлчээр дагаж, эхнэр нь сургуулийн хүүхдээ дагуулан төв суурин бараадсанаас ийм байдал үүсч байна. Шилжилт хөдөлгөөн, иргэний бүртгэлтэй холбоотой энэ төвөгтэй байдлыг шийдэх хамгийн зөв гарц мөн л иргэний цахим үнэмлэх, гэхдээ өнөөдөр цахим үнэмлэх үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж Өмнөговьчууд дүгнэлээ.

Монгол Улсын хамгийн том буюу 165 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй энэ аймагт хязгаар нутгийн зовлон багагүй тулгардаг тухай багийн Засаг дарга нар хөндлөө. Бэлчээр нутгаа ухуулж сэндийчүүлэхгүй гэхэд тухайн баг, сумын хилийн цэс тодорхойгүй, эрх зүйн актаар баталгаажаагүй гээд хүчин мөхөсддөг, эзэмшил нутагт нь хайгуул, олборлолт хийхэд багийн Засаг дарга шаардлага тавих эрх мэдэлгүй байдаг. Хүн, малынх нь эрх ашгийг хөндсөн энэ мэт үйл ажиллагаанд багийн иргэдийн санал авдаг, шийдвэртээ тусгадаг болох зайлшгүй шаардлагатай гэж тэд үзэж байна.

Хөдөөгийн хөгжлийг дэмжсэн гол хөшүүрэг болсон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг аймаг, сум бүр өөрсдөө мэдэн захиран зарцуулж байгаа. Энэ хөрөнгийг хэрхэн үр дүнтэй зарцуулж болох жишээг Номгон сумын Богт багийнхан харуулжээ. Сумаас нь хуваарилж өгсөн мөнгөнөөс малчин өрхдөө хавар тонн төмс өгч, намар хураасан ургацыг нь ямаагаар борлуулснаар малгүй өрх ганцхан зуны хугацаанд 68 толгой ямаатай болсон гэнэ. Орон нутгийн мэдлийн хөрөнгийг ийм жишгээр үр дүнтэй ашиглавал төрөөс халамж хүсэх иргэдийн тоо богино хугацаанд цөөрөх боломжтой гэж дээрх туршлагыг багтаа хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зэргэлдээх Эмгэнбулаг багийн Засаг дарга Б.Улам-Өрнөх үзэж байна.

Ийнхүү орон нутагт тулгарч байгаа асуудал, алдаа оноог хэлэлцсэн “Баг-иргэний засаг захиргаа” хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн 58 багийн Засаг дарга нар санал бодлоо илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3200
0 эможи
keyboard_arrow_up