Архангай аймагт энэ оны “Нарны алхалт” эхэллээ
Архангай аймгийнг Эрүүл мэндийн газраас санаачлан аймгийн нийт аж ахуйн нэгж, албан байгууллагын ажилчид, ард иргэдийг хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, идэвхтэй хөдөлгөөнд хамруулах, явган алхалтын ач холбогдлыг сурталчилах ажлыг эрчимжүүлж эхлээд байна. Тус ажлыг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 34 тоот тогтоол “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”, Аймгийн Засаг даргын 2013 оны а/133 тоот захирамжийг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх ажлын хүрээнд Аймгийн Засаг даргын албан бичгийн дагуу зохион байгууллаа.
Энэ жилийн нарны алхалтыг “Амьдралын зөв хэв маягийг сонгоё” уриатайгаар өрнүүлэхээр болж 5 сарын нэгний өглөөний 06 цаг 30 минутаас Нутгийн захиргааны ордоны урд талбай дээр нээлтээ хийлээ. Алхалтыг Булган уулын бурхан, Жамганы булаг гэсэн 3 км-ийн маршрутаар явуулж байх бөгөөд цаашид 10-р сарын 1 хүртэл үйл ажиллагаа үргэлжлэх юм.
Тус арга хэмжээг ЗДТГ-ын НХХ, ЭМГ, ССАЖГ хамтран зохион байгуулсан. Нээлтэд аймгийн 20 гаруй албан байгууллагын 400 гаруй ажилчид, ард иргэд оролцлоо. Нээлтийн үйл ажиллагаанд зориулж ард иргэдийг дасгал хөдөлгөөнд уриалах, ач холбогдлыг сурталчилах зорилгоор ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн ажилчид “Жавхаат хэмнэл” аэробик дасгалаар үзүүлэх тоглолт хийлээ. Мөн нарны алхалт, нарны дасгал, нарны гүйлт гэсэн 3 төрлийн зөвлөмж гарын авлагыг ЭМГ-аас бэлтгэн оролцсон хүмүүст тараасан. Алхалтын төгсгөлд бие бялдрын хөгжлийг сайжруулах, хөгжүүлэх дасгал хөдөлгөөнийг хийж байхаар болсон.