Д.Эрдэнэбат: Ирэх сарын 1-нээс хурдан морь уралдуулах боломжтой

Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбаттай хурдан морины уралдааны талаар хэсэг хором ярилцлаа.
-Яагаад хурдан морины уралдааныг хязгаарлах хугацаа тогтоосон бэ?
-Бид удирдах дээд шатны байгууллагаас гаргасан эрх зүйн баримт бичиг, тушаал шийдвэрийг хууль журмын дагуу хэрэгжүүлэн ажилладаг. МУ-ын Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/36 дугаар тушаалаар шинэчлэгдэн батлагдсан “Насанд хүрээгүй иргэнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-д жил бүрийн 11 дүгээр сарын 1-ээс 5 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд насанд хүрээгүй иргэн буюу хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосон байдаг. Хүний эрхийн үндэсний комиссоос аймгийн удирдлагуудад хандан өвөл, хаврын улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх чиглэлээр зөвлөмж, шаардлагыг удаа дараа тавьж байгаа. Хэрвээ уг шаардлагыг биелүүлэхгүй бол аймгийн Засаг даргыг шүүхэд өгөх талаар ч яригдсан. Уг шийдвэрийг гаргаагүйн хариуцлагыг бид хүлээнэ. Бүх шатны Засаг дарга нар энэ шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Бусад аймгууд ч мөн адил дээрх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх тухай шийдвэрийг гаргасан байгаа.
-Хөдөлмөрийн сайдын дээрх тушаал, Хүний эрхийн үндэсний комиссын шаардлагыг биелүүлж одоогоор хичнээн аймаг энэ шийдвэрийг гаргаад байгаа вэ?
-Дархан-Уул, Сэлэнгэ, Баянхонгор, Төв, Дундговь, Булган зэрэг 11 аймаг өвөл, хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргасан.
-Аймгийн Засаг даргын 2016 оны А/30 дугаар захирамж гарсантай холбоотойгоор аймгийн Засаг дарга, холбогдох хэлтэс агентлагийн албан хаагчид, Булган аймгийн Морин спорт уяачдын холбоодын хамтарсан уулзалтыг зохион байгуулсан.Тухайн уулзалтаас ямар шийдвэр гарсан бэ?
-Тус хамтарсан уулзалтанд аймгийн ХЗХ, МХГ, ХХ, ХГБХХ, ОБГазар гээд холбогдох хэлтэс, агентлагийн төлөөлөгчид болон морин спорт уяачдын холбооны төлөөллүүд оролцож дээд газраас ирсэн албан бичиг, дүрэм журамтай танилцсан. Уулзалтыг зохион байгуулах үед 2016 оны А/30 тоот захирамж гарсан байсан. Уг захирамжид тавдугаар сарын нэгэн хүртэл морин уралдаан зохион байгуулахыг хориглосон байсан юм. Уяачдын зүгээс захирамжин дээр заасан хугацааг нааш татах санал тавьсан. Аймгийн даргын хувьд аймагтаа ажиллаж буй төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах, уяач олныхоо санал бодлыг хүндэтгэх үүднээс 2016 оны А/30 дугаар захирамжаа цуцалж, 2016 оны А/110 дугаар захирамжаар хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх хугацааг 4 дүгээр сарын 1-ний өдөр болгохоор шийдвэр гаргасан.
-Аймгийн хэмжээнд явагдах уралдааныг хэрхэн зохион байгуулах вэ?
-Тэгэхээр ирэх дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс хойш хурдан морины уралдаан явагдах боломжтой. Гэхдээ бид хүүхдийн эрхийг нэгдүгээрт тавьж байгаагаа уламжилсан. Тиймээс 4 сарын 1-ээс хойш зохион байгуулагдах хурдан морины уралдааныхаа нэгдсэн товийг гарга. Энэ товийг гаргахдаа гол нь тухайн сум орон нутгийнхаа удирдлагуудтай зөвшилцөн санал солилцож байж гарга гэсэн шаардлагыг тавиад байгаа. Морин спорт уяачдын холбоо болон сум орон нутгийн удирдлагуудын харилцан зөвшилцөөд орж ирсэн уралдаан хүчин төгөлдөр болж, элдэв асуудал тухайлбал хүүхэд бэртэх зэрэг тохиолдол гарвал төр, хувийн хэвшил хамтдаа үүрэг хариуцлагаа хүлээгээд явах ийм л асуудлыг ярьж байгаа. Харин одоогоор ингээд харилцан тохиролцоод орж ирсэн уралдааны санал ирээгүй байна. Шаардлагын дагуу боловсруулагдаад орж ирсэн аймаг, бүсийн уралдаанд бид хамтраад зохион байгуулаад, хяналтаа тавиад явах болно.
-Ярилцсанд баярлалаа.









