“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян Дорноговь аймгаас эхэллээ

2016 оны 3 сарын 21

“Монголын медиа корпораци”, “Нэг Монгол” ТББ, Монголын зөвлөлдөх ардчиллын хүрээлэнтай хамтран “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг улс орон даяар өрнүүлэхээр болсон. Тэгвэл энэ дагуу “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян Дорноговь аймгаас эхлэхээр боллоо.

Тус аяны хүрээнд ардын үгийг сонсож, бодлого шийдвэр тусгах, иргэдийн санаа бодлыг хүргэх үйл ажиллагаа цаашдаа 21 аймагт бүсчилсэн байдлаар зохион байгуулагдах юм. Тодруулбал, 21 аймгаас түүвэр байдлаар говь, хангай, баруун, зүүн, төвийн бүсийн аймгуудаас санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон аймгуудад зөвлөлдөх санал асуулгын уулзалтыг зохион байгуулна. Энэ үйл ажиллагаа ийнхүү Дорноговь аймгаас эхэлж байна.

Зөвлөлдөх санал асуулга гэж юу вэ

Хүн төрөлхтөн ардчиллын олон янзын элементийг олж, хэрэглэсээр ирсэн. Өнөөг хүртэл хэрэгжиж байгаа хамгийн түгээмэл ардчилал нь бидний мэдэх төлөөллийн ардчилал билээ. Өөрөөр хэлбэл, иргэд өөрөө өөрсдийгөө төлөөлөх хүмүүсийг төрд сонгож гаргадаг. Сонгогдсон хүмүүс төрд ажиллаж, иргэдийн өмнөөс бодлого, шийдвэр гаргана. Гэхдээ төлөөллийн ардчиллын үед улстөрчид сонирхлын зөрчилтэй, авлигад автсан, хэсэг бүлэг хүний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах магадлал хамгийн өндөр гэдэг. Нэг ёсондоо иргэдийг төлөөлж, тэдний төлөө шийдвэр гаргахын төлөө сонгогдсон эрхмүүд тэр бүр иргэдийнхээ төлөө шийдвэр гаргаж ажиллаж чадахгүй байгаа юм. Энэ байдлыг халахад, ардчилал, тэр дундаа төрийн бодлого шийдвэр гаргах үйл явцад иргэдийн хяналтыг бий болгох учиртай. 

Шийдвэр гаргах үйл явцад иргэдийн хяналт, оролцоог хангах хамгийн төгс механизм нь одоогоор зөвлөлдөх ардчилал болж буй юм. Зөвлөлдөх ардчиллыг хэрэгжүүлэхэд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулдаг. Энэ нь тухайн орон нутгаас иргэдийг төлөөлөх боломж бүхий 400 орчим хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгодог. Улмаар сонгогдсон хүмүүст урилга явуулж, тэдгээрийн оролцоог хангасан зөвлөлдөх санал асуулгын уулзалтыг зохион байгуулна. Ингэхдээ иргэд болон улстөрчид, шийдвэр гаргачид адил мэдээлэлтэй, нэг төвшинд сууж шийдвэр гаргадгаараа онцлогтой.

Өөрөөр хэлбэл, зөвлөлдөх санал асуулгын уулзалтын үеэр тухайлсан асуудлаар улстөрчид, бодлого боловсруулагчид иргэдэд бүх талын мэдээллийг өгдөг. Тухайн асуудлыг дэмжих болон дэмжихгүй байр сууриуд, сул болон давуу тал, эдийн засгийн үр ашиг, бололцоо гэх зэрэг бүхий л мэдээллийг иргэдэд өгнө. Иргэд мэдээлэл дээрээ үндэслэн жижиг бүлгүүдэд хуваагдаж, асуудлыг дахин хэлэлцээд, нэмэлт асуулт, тодруулга авсны дараа нууц санал хураалтаар шийдвэр гаргадаг.

Зөвшилцсөнөөс зөвлөлдсөн нь дээр 

Төлөөллийн ардчиллын үед улс төрийн намууд хоорондоо зөвшилцөх замаар шийдвэр гаргах нь бий. Гэхдээ зөвшилцөл гэх нэрний цаана намуудын тохироо, хуйвалдаан нуугдаж байдаг нь нууц биш. Тиймээс зөвшилцөх бус зөвлөлдөх ёстой гэдгийг судлаачид онцолж байна. Монголын медиа корпорациас “Зөвшилцсөнөөс зөвлөлдсөн нь дээр” уриатайгаар иргэдийн зөвлөлдөх аяныг эхлүүлж байгаа юм. Мэдээлэлтэй иргэд зөвлөлдсөнөөр хамгийн бодитой, зөв шийдвэр гаргадгийг урьд өмнөх жишээ ч харуулсан. Өнгөрсөн оны сүүлээр Улаанбаатар хотноо 14 том төсөл, хөтөлбөрийн талаар зөвлөлдөх санал асуулгын анхны уулзалт болсон.

Энэ уулзалтаар иргэд нийслэлд хэрэгжих том төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлсэн юм. Иргэд мэдээлэлтэйгээр зөвлөлдсөнөөр метро барих, “Монгол наадам цогцолбор” барих зэрэг төслүүдийг ач холбогдлоор нь харьцангуй хойгуур эрэмбэлсэн. Харин ажлын байр бий болгох, төвлөрлийг сааруулах зорилготой Налайх Аж үйлдвэрийн парк байгуулах зэрэг төслүүдийг дээгүүр байранд эрэмбэлж өгсөн билээ. Зөвлөлдөх санал асуулгын өмнө метро барих төсөл хэрэгжүүлэх ач холбогдлоороо дээгүүр жагсаж байсан юм.

Зөв мэдээлэлтэй иргэд зөвлөлдсөнөөр зөв шийдвэр гаргадгийг Улаанбаатар хот ийнхүү амжилттай туршсан. Ганцхан Улаанбаатар хот, нийслэл ч гэлтгүй монгол орон даяар ийм зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хангах, байнгын механизмыг бий болгох нь “Ардын үг” аяны гол зорилго билээ.

Дорноговьчууд тулгамдсан асуудлаа өөрсдөө шийднэ

“Ардын үг” аяны дорноговьчууд тулгамдсан асуудлаа өөрсдийн санал, санаачилгаар шийдвэрлэх гарцыг хайна. Мөн тухайн орон нутагт томилогдсон болон сонгогдсон албан тушаалтнуудын тайланг сонсож, дүгнэлт гаргах юм. Ингэхдээ хамгийн гол нь зөв, тэнцвэртэй мэдээлэлд үндэслэн зөвлөлдөх санал асуулгуудыг зохион байгуулна. Мэдээлэлд үндэслэн иргэд шийдвэр гаргах учиртай. 

Нэг талаас эрх барьж байгаа хүмүүс маш олон ажил хийсэн байдаг. Гэвч нөгөө талаас иргэд мэдээлэлгүйгээс ажил хийгээгүй, юу ч хийгээгүй гэж дүгнэх нь бий. Эсвэл зөвхөн хийсэн ажлуудын цэгцтэй, гоё сайхан үгтэй тайланг сонссоор “тархиа угаалгасан” байхыг ч үгүйсгэхгүй. Тэгвэл зөвлөлдөх санал асуулгаар иргэд өнгөрсөн гурван жилд эрх баригчид амлалтаа хэрхэн биелүүлсэн бэ. Юуг хийж чадсан, юуг хийж чадаагүй, яагаад гэх зэрэг бүхий л асуудлыг олон талаас нь судалж, нягтлах юм. Ингээд зөвлөлдөх санал асуулгын дараа шийдвэр гаргаж, улстөрчид, эрх баригчдад дүнгээ тавина.

Зөвлөлдөх ардчиллын давалгаа ийнхүү Дорноговь аймгаас эхэлж байна. Дахин сануулахад цаашдаа 21 аймгийн таван бүсэд зөвлөлдөх санал асуулгын уулзалтууд цувралаар зохион байгуулагдана. 2016 оны сонгууль дөхсөн үед иргэд олон нийт улстөрчид, эрх баригчдад хамгийн бодитой, зөв дүн тавихад “Ардын үг” аян ач холбогдлоо өгөх биз ээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30385
0 эможи
keyboard_arrow_up