Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг зарцуулах журмыг шинэчиллээ
Засгийн газрын 2014 оны 402 дугаар тогтоолоор жижиг, дунд үйлдвэрийн асуудлыг Аж үйлдвэрийн сайдын эрхлэх ажлын хүрээнд шилжүүлсэн тул тус яам сангийн асуудлыг хариуцан ажиллаж байна. Сангийн удирдлагын тогтолцоо яам, сум гэсэн удирдлага, зохион байгуулалтын бүтэцтэй байгаа бөгөөд бодлогыг хэрэгжүүлэгч яам бүх сумдад хүрч ажиллах боломж, хөрөнгө санхүү, хүн хүч дутмаг учир хэрэгжилтэд хяналт тавих, аймгийн үйлдвэрийн хөгжлийн бодлоготой уялдуулах зорилгоор хариуцлагын босоо тогтолцоонд тулгуурлан оновчтой болгох шаардлага тулгарч байна. Цаашид жижиг, дунд үйлдвэрийг аж үйлдвэрийн нэгдсэн бодлоготой уялдуулах, үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхижуулах, борлуулалтын сүлжээг дэмжих, сургалт, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, удирдлага, зохион байгуулалтаар хангах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгаа юм. Иймд сум хөгжүүлэх сангийн журмыг шинэчлэн сайжруулах, эх үүсвэрийг жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хүртээмжтэй болгож үйлдвэрлэл эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, сангийн үйл ажиллагааг тайлагнах, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох үүднээс журмыг шинэчлэн боловсруулсан байна.









