Дорноговь аймаг ОЮУТНЫ түшиц эмнэлэгтэй боллоо

Дорноговь аймаг дахь АШУҮИС-ийн харъяа Анагаах ухааны сургуульд БСШУ-ы сайд Л.Гантөмөр ажиллалаа. Тус сургууль нь 1962 онд "Анагаах ухааны коллеж" нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд өдгөө 54 жилийн турш үйл ажиллагаагаа явуулан өргөжсөөр байна. Анагаах ухааны сургууль нь 2015-2016 оны хичээлийн жилд 843 оюутан, 65 багштай ажиллаж байгаа юм. Уг сургууль нь гадаадын зургаан улстай хамтран ажилладагаас Япон улстай багш, боловсон хүчин солилцон, харилцан туршлага солилцдог ажээ.
Түүнчлэн өнөөдөр Анагаах ухааны сургуулийн дэргэдэх "Мандах наран" оюутны түшиц эмнэлгийн нээлт боллоо. Нээлтэнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр болон бусад албаныхан оролцлоо. Уг эмнэлэг ашиглалтанд орсноор анагаахын оюутнууд дадлага хийхээс гадна, өвчтөн, үйлчлүүлэгчтэй хэрхэн зөв боловсон харьцаж, ажлын байранд гарахад бэлтгэгдэх юм. "Мандах наран" оюутны түшиц эмнэлэг нь Монгол улсдаа анх удаа энэ төрлийн сургалтыг нэвтрүүлж байгаа юм. Энэ хавраас эхлэн АШУҮИС дэргэдээ оюутны түшиц эмнэлэгтэй болох ажил эхлэх ажээ.









