“Хяналтын тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг Төв аймагт болов
Улсын Их Хуралд 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн “Хяналтын тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Төв аймгийн Зуун мод суманд боллоо.
Энэхүү хэлэлцүүлгийг “Хяналтын тухай” хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар, Төв аймгийн Засаг Даргын Тамгын газар, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулав.
Монгол Улсын Их Хурал, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей , Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Су.Батболд болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Хяналтын тухай” хуулийн төслийн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Хяналтын тухай” хууль бол эдийн засаг, бизнесийн таатай орчныг сайжруулахад онцгой ач холбогдолтой хууль гэдгийг онцлоод, бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх нь тэргүүлэх зорилтын нэг байхаас гадна салбарын мэргэшсэн хяналтын байгууллагыг бий болгох, мэргэжлийн хяналтын үйл ажиллагаанд эрсдэлийн удирдлагын менежментийг нэвтрүүлэх зорилтыг хуулийн төсөлд тусгасан гэлээ. Түүнчлэн бизнесийн үйл ажиллагаанд дарамт үзүүлдэг, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг алдагдуулсан өнөөгийн сул талыг засаж залруулан олон тооны үр нөлөөгүй хяналт шалгалтын тоог цөөрүүлж, Улсын байцаагчдын мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг тогтоох зэрэг олон асуудлыг энэ хуулиар зохицуулагдана гэсэн юм.
Мөн хэлэлцүүлгийн үеэр “Хяналтын тухай” хуулийн төслийн үзэл баримтлалын талаар Улсын Их Хурлын гишүүн , Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва танилцуулсан. Танилцуулгын эхэнд тэрээр энэхүү хэлэлцүүлгийг зохион явуулахад хамтарч ажиллаж буй Төв аймгийн Засаг Даргын Тамгын газар, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчдөд талархал илэрхийлж “Хяналтын тухай” хуулийн төсөл нь хэт их давхардсан олон тооны хяналт шалгалт явуулах бус бизнес эрхлэгч , аж ахуй нэгжүүдийг дэмжсэн, зөвлөгөө сургалтаар хангасан, соён гэгээрүүлсэн, аюул зөрчлөөс урьдчилан сэргийлсэн үзэл баримтлалтай байх талаар танилцуулав. Баялгийг бүтээгч бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийг хяналт шахалтаар хүндрүүлж торгох бус Төрөөс зөвлөдөг, тусладаг байх талаар мөн тэрээр дурдлаа.
“Хяналтын тухай” хуулийн төсөлд орсон шинэ зохицуулалтын талаар хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, Их Хурлын гишүүн , Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын зөвлөх Н.Батсуурь танилцуулга хийсэн. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг “Хяналтын тухай” хуулийн төсөл дээр хоёр жил ажиллажээ. Энэхүү хуулийн төслийг боловсруулахад холбогдох 101 хуулийг нарийвчлан судалсан гээд, хяналтын үйл ажиллагааны 70 хувь нь урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ гэв.
Төв аймгийн Зуун мод сумын иргэн 10 гаруй жил найман нэрийн барааны хүнсний дэлгүүр ажиллуулж буй Б.Тойвгоо, бизнес эрхлэгчдийг дэмжсэн, зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлсэн цаашид томоохон үр дүн авчрах хуулийн төсөл боловсруулж байгаад Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэгт талархаж буйгаа илэрхийлж, хяналт шалгалтын тоо хэт их давхардсан гэдэгтэй санал нэгдэж байгаагаа хэлсэн юм. Мөн Төв аймгийн Зуун мод сумын “Гурван эрдэнэ” Төрийн бус байгууллагын тэргүүн Д.Толя, бизнес эрхлэгчдийг дэмжих зөвлөгөө сургалт явуулах чухал үүрэг бүхий ажлыг зөвхөн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газарт даалгах бус Төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах санал гаргав. Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд иргэд, аж ахуйн нэгж байгууллага, жижиг бизнес эрхлэгчдээс гаргасан саналыг Улсын Их Хурлын түвшинд хэлэлцэхдээ анхаарч ажиллах болно гэлээ.