Монголчуудыг гурван сая болгосон бяцхан "Гүнж" нэг нас хүрлээ
Манай сурвалжлагч Т.Болормаа Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас мэдээлж байна.
Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охины нэг насны төрсөн өдөр өчигдөр буюу энэ сарын 24-нд тохиолоо. Тэрбээр 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 08.27 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Монгол Улсын гурван сая дахь иргэн болон мэндэлж элэг нэгт монголчуудынхаа магнайг тэнийлгэсэн юм.
Тиймээс бид энэ сарын 23-нд Х.Монголжин охины нэг насны төрсөн өдрийн баярыг хуваалцахаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумыг зорьсон юм. Өмнөговь аймаг хотоос багагүй зайтай тул бид шөнө хагаслан очоод, өглөө эрт Х.Монголжин охины ээж Г.Аззаяатай холбогдож гэрийг нь заалгаад “Арслан” хотхоны зүг яаравчлан хөдөллөө. Учир нь төрсөн өдрийн баяр эхэлж хүн бужигнахаас өмнө очихыг хүссэн юм. Биднийг өнгөрсөн онд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас өгсөн гурван өрөө байранд нь зочилоход Х.Монголжин охин, ээж Г.Аззаяатайгаа хамт инээмсэглэн угтаж авлаа. Охины аав Э.Хатанболд ажлаар хөдөө явсан тул гэртээ байсангүй. Биднийг ямарч чимээ аниргүй нам гүм орчин угтлаа.
Х.Монголжин охин танихгүй хүмүүс ороод ирэхээр бишүүрхсэн бололтой ээжийнхээ өвөр дээр хэсэг чимээгүй сууж байснаа ширээн дээр тавьсан тавагтай чихэр рүү зааж “чи, чи, чи” хэмээн нэхсэн юм. Бид өхөөрдөөд чихэр авч өгөх гэтэл ээж нь “болохгүй ээ, чихэр огт өгч болохгүй” гэв. Х.Монголжин охин чихэрэнд үнэхээр дуртай бололтой.
Янз бүрийн аргаар авах гэж үзээд, сүүлдээ дээшээ хараад хэвтээд өгсөн юм. Гэтэл ээж нь “Өө ууралчихсан юм уу, миний охин. Энэ ингээд ууралхаараа дээшээ хараад хэвтчихдэг юм. Босгох гэхээр босохгүй. Айхтар зөрүүд охин шүү дээ. Ингээд тоохгүй орхичихвол аяандаа мартаад өөрөө босоод ирнэ” гэсэн юм.
Тун удалгүй хүүхдийн цовоо цолгин, цаанаа л нэг гэгээлэг цангинасан инээд, дуу шуугиан гэр дэх нам гүмийг эвдлээ. Х.Монголжин охин түрүүхэн уурлаад хэвтэж байснаа мартаж, биднээс ч бишүүрхэхээ больсон бололтой. Гэтэл Ээж нь “за одоо л ид шидээ харуулж эхэллээ дээ. Айхтар хөдөлгөөнтэй шүү” гээд инээвхийлэв.
Бид Монгол түмний хайртай бяцхан гүнжийг харж, өхөөрдөж суусаар цаг орой болсныг ч анзаарсангүй. Цагын зүү 20.00 цагийг заажээ. Биднийг байх хугацаанд Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ганц нэг найз, ах дүү нараас нь өөр хэнч мэнд хүргэж ярьсангүй, гэрт нь Г.Аззаяагийн аав, дүү, Э.Хатанболдыг ах, эгч нараас өөр хүн зочилж ирсэнгүй. Бид анх ирэхдээ хөл хөдөлгөөн ихтэй байгаа байх, ядаж л аймгийн удирдлагууд нь хүлээж авах байх гэж бодсон ч тэгээгүйн дээр утсаар ч ярьж мэнд хүргээгүй тул жаахан гайхаж л байлаа.
Цаг оройтсон тул бид Г.Аззаяатай цөөн хором ярилцсан юм.
-Монгол Улсынгурван сая дахь иргэн болж хорвоод мэндэлсэн бяцхан охинтань өнөөдөр нэг ой хүрч байна. Сэтгэгдэл хэр байна?
-Сэтгэгдэл маш их өндөр байна. Өчигдөрхөн л төрсөн юм шиг санагдаж байгаа боловч өнөөдөр нэг ой хүрчихлээ. Сайхан байна. Хайртай охины минь баяр дээр баяр нэмж алс холоос зорьж ирсэн танай хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна.
- Охиноо төрүүлэхдээ Монгол Улсын 3 сая дахь иргэнтэй болно гэж бэлдэж байв уу? Та энэ талаар мэдэж байсан уу?
-Гурван сая дахь иргэн төрөх гэж байгаа гэж огт мэдээгүй байсан. Харин охин мааньгурван сая дахь иргэн болсон гэдгийг төрснийхөө дараа гэртээ гараад л мэдсэн. Их гайхсан.
-Аав нь анх мэдээд яаж хүлээж авсан бэ?
-Гаднаас орж ирээд л шууд бид хоёрыг үнсээд “баяр хүргэе” гэсэн.
-Аав нь төрсөн өдрийн баярт нь ирж чадаагүй болохоор хэцүү байгаа байхдаа ярьж байна уу?
-Сүлжээгүй газар байгаа болохоор ярьж чадахгүй л байна. Өдөр “охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэе. Санаж байна. Удахгүй очноо” гээд мессеж бичсэн.
-Дөнгөж 20 гарч байгаа залуухан гэр бүл анхны үрээ өлгийдөж аваад юуг мэдрэв?
-Охиныгоо анх хараад уйлахыг нь сонсоод баярласандаа шууд уйлсан. Өвдөж байсан өвдөлт зовиураа хүртэл мартаж, мэдрэхгүй болоод хүүхдээ хараад баймаар санагдаад байсан. Их жижигхэн улаан хүүхэд харагдсан. Анх яаж хөхүүлэхээ мэдэхгүй сандарч байхад нөхөр маань "Охинтойгоо гурвуулаа сайхан амьдарна аа. Охин төрүүлж өгсөн чамдаа баярлалаа"гэсэн мессэж бичсэн. Би маш их баярласан. Ээж болно гэдэг энэ хорвоогийн хамгийн сайхан мэдрэмж гэж бодож байна.
-Улсаас 3 өрөө байр өгнө гэж байсан. Байраа авсан уу?
-Байр аваагүй байрны үнэтэй дүйцэхүйц хэмжээний мөнгө авсан.
-Яагаад, Байраа аваад хотод очиж амьдрах бодол байгаагүй юу?
-Бид хоёр ярилцаад аймагтаа амьдрахаар шийдсэн. Учир нь манай аймаг сүүлийн жилүүдэд маш хурдацтай хөгжиж байгаа.
- Танай охин Монголжинг азтай гэж хэлэхээс өөр аргагүй юм. Ер нь үеийн хүүхдүүдээсээюугаараа ялгаатай, онцлог гэж боддог вэ?
-Одоохон нээх их юм анзаарагдахгүй л байна. Гэхдээ би охиныгоо бусад хүүхдүүдээс илүү сэргэлэн, юмыг хурдан ойлгодог гэж боддог. Айлын авна гэсэн юмыг нь өгөхгүй гэхээр уйлчихдаг. Харин миний охин тийм биш барагтай бол уйлахгүй. Уур нь хүрвэл зүгээр л дээшээ хараад хэвтчихдэг.
-Х.Монголжинг өхөөрдөж дууддаг богино нэр бий юу?
-Байгаа. Манай гэрийнхэн Монголоо гэж дууддаг.
-Танай охин хэр хөдөлгөөнтэй вэ?
-Өнөөдөр та бүхэн анзаарсан байх. Яг л эрэгтэй хүүхэд шиг айхтар хөдөлгөөнтэй.
-Та хоёрын хэнийг нь илүү их дуурайсан гэж бодож байна.
-Ихэнх хүмүүс аавтайгаа их адилхан гээд байдаг юм. Аав нь багадаа яг ийм байсан гэсэн.
-Төрийн өндөрлөгүүд, аймгийн удирдлагуудаас өнөөдөр мэнд хүргэж ярьсан уу?
-Өнөөдөр яриагүй ээ.
-Таны охин мэндэлснээр танай гэр бүлд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Охин минь бид хоёрт үгээр хэлэмгүй их аз жаргалыг бэлэглэсэн. Бидний амьдралыг гэрэлтүүлсэн. Гуравуулаа болсноосоо хойш маш их аз жаргалтай байгаа.
-Тухайн үед маш олон хүн баяр хүргэж бэлэг амлаж байсан. Амласан бэлгээ өгсөн биз дээ?
-Маш олон газар бэлэг өгсөн. Энэ завшааныг ашиглаад баярлалаа гэж хэлмээр байна. Өгөөгүй газар бараг байхгүй.
Ийнхүү ярилцаж дуусаад том өрөөнд ороход Х.Монголжин охин төрсөн өдрийнхөө тортыг идээд нүүр, гар, нөгөө гоё ягаан плаж нь бүгд алаг эрээн болчихсон зогсож байсан юм.
Бид түүнийг өхөөрдөж явах болсноо дуулгаж биднийг хотоос гарахад УИХ-ын гишүүн С.Бямбацогтын түүнд дамжуулж өгөөрэй гэсэн гарын бэлгийг нь өгөөд гарцгаасан юм.
Гэрийн эзэгтэй Г.Аззаяа “Би Хатнаатайгаа анх 2012 онд найзуудтайгаа хамт явж байгаад танилцсан гэж бидэнд хуучилсан юм. Тэр л үед биесээ олж, хайрын түүхээ бичиж эхэлсэн хосууд маань анх Монгол гэрт өрх тусгаарлаж айл болж байсан бол өдгөө Монгол улсын хүн амыг гурван сая болгосон бяцхан охинтойгоо хамт гурван өрөө байранд аз жаргалтай сайхан амьдарч байгааг харахад таатай байсныг нуух юун. Эх орныхоо гурван сая дахь иргэн болон ижий аавдаа мэндэлсэн хөөрхөн охиндоо энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Монгол улсын гурван сая дахь иргэн болон мэндэлж элэг нэгт монголчууд биднийхээ магнайг тэнийлгэж, ээж аавынхаа амьдралд гэрэл гэгээ нэмсэн Х.Монголжин охины буян заяа нь өөдөө байж, эрүүл саруул, сайн хүн болж өсөх болтугай.









