Орон нутгийн төсөв тасарч, өвөлжилт хүндэрчээ

2015 оны 12 сарын 18

Дорноговь аймагт малын цэцэг өвчин гарснаар малчид отор хийх боломжгүй болжээ

Орон нутгийн удирдлагууд Улаанбаатарт чууллаа. “Нутгийн удирдлага: Сорилт ба шийдэл” үндэсний чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулсан юм. Чуулганаар нутгийн удирдлагын салбарт тулгамдаж буй асуудал болон хууль тогтоомжуудын талаар санал бодлоо солилцлоо. Тус чуулганд 21 аймгийн удирдлагууд ирсэн байв. Энэхүү чуулганы үеэр бид зарим аймгийн Засаг дарга болон ИТХ-ын даргатай уулзаж, өвөлжилт хийгээд орон нутагт тулгамдсан асуудлын талаар ярилцсан юм.

МАЛЫН ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС БОЛООД МАЛЧИД ОТОР ХИЙЖ ЧАДАХАА БОЛЬСОН

Дорноговь аймгийн ИТХ- ын дарга Г.Ганбаатар:
-Танай аймагт өвөлжилт ямар байгаа вэ. Өвс тэжээлийн нөөцөө бүрэн бэлтгэж чадсан уу? 
-Ер нь өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Сумд болон малчид бололцооныхоо хэрээр өвс бэлтгэсэн. Гэхдээ хадлангийн бүс нутаг биш учраас өөр аймгаас өвс худалдаж авдаг. Урд талын сумдын хувьд зуншлага гайгүй байсан учраас нэг их санаа зовохгүй байна. Харин хойд талын сумдаар цас их орсон тул цаашдаа өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүссэн. Өвөлжилт хүндхэн байгаагаас гадна малын гоц халдварт цэцэг өвчин тархаж, хорио цээрийн дэглэм тогтоосон болохоор малчид отор хийх боломжгүй болсон. Гурван сумын нутаг дэвсгэрийг хамарсан малын халдварт өвчний дэгдэлтийг зогсоогоод байгаа. Гэвч отор нүүдэл хийх бололцоогүй болсон учраас малчдад тусламж үзүүлэх аян өрнүүлж байна. Манай аймаг дэд бүтэц хөгжсөн газар болохоор иргэдийн амьдрал тэгтлээ муудаагүй. Төмөр замаа дагаад жижиг бизнес эрхлэх боломжтой байдаг. Харин малчдын хувьд байдал хүндхэн байна. Өвс, тэжээл дутагдалтайгаас гадна их цас орсон. Энэ жил аймгийн хэмжээнд нэг сая 800 гаруй толгой мал өвөлжих тооцоо гарсан.

ЗАРИМ СУМЫН НИЙТ НУТГААР ЦАСАН БҮРХҮҮЛ ТОГТСОН

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар:
-Аймгийн хөгжлийн талаар ямар бодлого барьж ажиллаж байна вэ. Өвөлжилт ямар байна?
-Орон нутгаа хөгжүүлэх хэд хэдэн хөтөлбөр боловсруулсан. Ойрын хэдэн жил “Алим” хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт тавиад байна. Ингэснээр орон нутгийнхаа иргэдийг төдийгүй зэргэлдээ аймгийнхаа хүн амыг алимаар хангах бололцоотой болно. Манай аймагт алим сайн ургадаг. Өрх бүрт нэг га газарт алим тариалах хөдөлгөөн өрнүүлэхээр төлөвлөсөн. Түүнчлэн усан үзэм тариалж байна. Ер нь газар тариалан хөгжүүлэх бодлого барьж байгаа.

Говь-Алтай аймгийн хэмжээнд ажилгүйдэл өндөр байна. Нутгийн захиргаанаас ажилгүйдлийг бууруулах талаар анхаарч ажиллаж байгаа. Гэвч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдийн үүрэг оролцоо сул байна. Сүүлийн үед малын түүхий эд, махны үнэ унасантай холбоотой малчдын амьжиргаа сайнгүй байгаа. Иймд бид гадагшаа мах экпортлох зорилго тавиад байна. Манай улс БНХАУ руу мах экспортлохоор болсон таатай мэдээ бий. Бургастайн боомтоор мах экспортловол манай аймгийн малчдад төдийгүй баруун аймгийнханд эдийн засгийн томоохон хөшүүрэг болох юм. Иймд бид махны экспортод ихээхэн анхаарч байна.

Манай аймгийн зарим нутгаар өвөлжилт хүндэрч эхэлсэн. Эрдэнэ, Бигэр гээд зарим сумын нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон. Өвс, тэжээл хангалттай нөөцөлсөн ч цагийн байдал хүндэрвэл хүрэлцэхгүй болж мэднэ.

УУЛ УУРХАЙ ЗОГССОНООР АЖИЛГҮЙДЭЛ ӨСӨӨД БАЙНА

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун:
-Танай аймагт ямар асуудал тулгамдаж байна. Иргэдийн амьжиргаа ямар байгаа вэ?
-Уул уурхай зогссонтой холбоотой иргэдийн ажилгүйдлийн түвшин өссөн. Энэ нөхцөл байдал иргэдийн амьдралд ч тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Түүнчлэн уул уурхайн компаниудын зогсонги байдал орон нутгийн төсөвт ч нөлөөлж байгаа. Төсвийн орлого тасарсан. Төлөвлөсөн хэмжээний орлогоо төвлөрүүлж чадахгүй болчихоод байна. Нөгөөтэйгүүр малын тоо толгой өсөж байгаа таатай мэдээтэй. Малын тооллого ид өрнөж байна. Энэ жил малын тоо өсөлттэй гарах байх гэж найдаж байна. Уул уурхай зогссон ч малынхаа ашиг шимээр амьдрах боломж иргэдэд байгаа юм.

Манай аймагт энэ жил өвөлжилт харьцангуй гайгүй байна. Зарим газраараа алаг цоог цастай ч айхтар хүндрэх хэмжээнд хүрээгүй. Малчид өнтэй өвөлжиж байгаа.

ХОВДЧУУД ӨНТЭЙ ӨВӨЛЖИЖ БАЙНА

Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан:
-Аймгийн хэмжээнд өвлийн бэлтгэлээ хэр хангасан бэ. Өвөлжилт ямар байна? 
-Ховдын ихэнх нутгаар зуншлага сайхан байлаа. Тиймээс өнтэй өвөл болж байна. Цаг агаар тааламжтай болохоор иргэдийн сэтгэл ч тэнэгэр. Арванхоёр, нэг, хоёрдугаар сарын цаг агаарын төлөв байдлыг харахад манай нутгаар олон жилийн дунждаас бага хур тунадастай гэсэн байсан. Тэгэхээр санаа зовохгүй өвөлжиж болох нь. Сүүлийн жилүүдэд малын тоо толгой нэлээд өссөн. Энэ нь бэлчээрийн даацад нөлөөлж болзошгүй байна. Иймээс мал аж ахуйг хөгжүүлэх зөв бодлого барих шаардлагатай.

Манай аймагт тулгамдсан асуудал төсөв л болоод байна даа. Орон нутгийг хөгжүүлэх санд хуваарилсан төсвийн мөнгийг дутуу өгсөн. Үүнээс болоод зарим төлөвлөсөн ажлаа хийж чадахгүй байна. Би энэ хурлын үеэр зарим аймгийн даргатай уулзлаа. Бүгд л ижил зовлон ярьж байна. Төсөв хүрэлцэхгүй байгаа, төлөвлөсөн ажил урагшлахгүй юм гээд. Тэгэхээр ганц манай аймгийн асуудал ч биш бололтой.

МАНАЙ АЙМГИЙН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ХЭТЭРСЭН

Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Очирхуяг:
-Танай аймаг хамгийн олон малтай нутгийн тоонд багтдаг. Бэлчээрийн даац ямар байна вэ?
-Энэ жил манай аймаг дөрвөн сая гаруй малтай болсон. Одоо мал тооллого үргэлжилж байна. Жилийн эцсээр малын тоо толгой тодорхой болох байх. Мал өсөхийн хэрээр бэлчээрийн даац хэтэрсэн. 1989 онд манай аймгийн бэлчээрийн байдлыг судлаачид судлаад хонин толгойд шилжүүлснээр зургаан сая орчим малд хүрэлцэнэ гэж үзсэн байдаг. Гэтэл одоо бүх малынхаа тоог хонин толгойд шилжүүлснээр бараг долоон сая хүрчихээд байгаа. Тэгэхээр бэлчээрийн даац хэтэрсэн гэсэн үг. Үүнээс гадна бэлчээрийн усан хангамж хүрэлцээ муутай байдаг. Тиймээс орон нутгийн удирдлагууд бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажил хийж байна. Хэд хэдэн газарт худаг гаргасан.

Цаашдаа бэлчээрийн менежментийг зөв төлөвлөх шаардлага тулгарч байна. Мөн манай аймаг хүн ам олонтой. Тэр хэрээр ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх гээд олон асуудал яригддаг. Орон нутгийн удирдлага бололцооныхоо хэрээр асуудлыг шийдэж байгаа.

ЦАГИЙН БАЙДАЛ ХҮНДРЭХ ТӨЛӨВТЭЙ БОЛЛОО

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен:
-Танайх энэ жил төлөвлөсөн ажлаа хийж чадсан уу? 
-Бид боломжийн хэрээр бэлтгэлээ базаасан. Гэхдээ төсөв хүндхэн байгаа. Төсвийн төлөвлөгөө тасарсан. Төсөв санхүүгийн байдлаас болоод зарим ажил зогссон. Нөгөөтэйгүүр өвөлжилт хүндрэх төлөвтэй болчихлоо. Өвс, тэжээл гээд мөн л хөрөнгө санхүүгийн хүчээр шийдэх асуудал тулгарч байна. Манай аймгаас холбогдох газраас зээл хүссэн. Зээлийн асуудал шийдэгдвэл малчдад хөнгөлөлттэй үнээр ч болтугай өвс, тэжээл өгмөөр байна. Нийт нутгаар өвөлжилт хүндэрч болзошгүй тул эртнээс бэлтгэл хангаж байгаа. Иргэдийн хувьд амьжиргааны түвшин тийм ч таатай биш байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27051
0 эможи
keyboard_arrow_up