Баянхонгорт “Настнаа дээдлье-үр ачаа эрүүл бойжуулъя” 3 сарын аян зарлалаа
Ахмад настан, хүүхэд багачуудын эрүүл мэндийн асуудалд хандах нийгэм, хамт олон, гэр бүлийн оролцоо,эмнэлгийн мэргэжилтний ур чадвар, тусламж үйлчилгээний хүртээмж, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулан үйл ажиллагааг нэгтгэж өгөх зорилгоор “Настнаа дээдлье - Үр ачаа эрүүл бойжуулъя” 3 сарын аяныг зохион байгуулж байна.
Энэхүү аяны хүрээнд Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 156 тоот тогтоол, Эрүүл Мэндийн Сайдын 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалын хэрэгжилтийг хангахад чиглэж байна.
Аяны нээлтийн үйл ажиллагаа 2014 оны 05 сарын 05–ны өдөр боллоо. Уг арга хэмжээнд Баянхонгор аймгийн Засаг Даргын орлогч Д.Ганбаяр нээж үг хэлсэн. Аяны хүрээнд эрүүл мэндийн газраас зохион байгуулсан ахмадын хөдөлгөөнт гимнастикийн сургалтад хамрагдаж гимнастик сурсан 40 ахмад настан гимнастикийн үзүүлэх тоглолт хийлээ. Мөн Соого Сейко япон сургуулийн бүжгийн хамтлаг “Морьтон” бүжгээр ахмад настнууддаа мэндчилгээ дэвшүүлэв.
Арга хэмжээнд, Эрүүл зан үйл 21 хөтөлбөрийн 5 цэг, даатгалын хөнгөлттэй эмээр үйлчлэх 2 цэг /“Хонгор хайрхан” , “Эм хангамж” эмийн сангууд/ гар угаах аргачлал дадлагаар 2 цэг, даралт үзэх 3 цэг, хөнгөлттэй эмийн жор бичих 2 цэг зэрэг үйл ажиллагаа явуулж даралт 107 хүнд, хөнгөлттэй эмийн жор бичилтэд 120 хүн, гар угаах аргачлал 87 хүн, эрүүл зан үйлийн сургалтад 150 гаруй хүн хамрагдаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна.
Гар угаах аргачлал болон эрүүл зан үйлийн сургалтуудыг “Эрүүл зан үйл 21” сургалтад хамрагдан сургагч багшаар болсон ахмад настангууд заасан нь илүү үр дүнтэй харагдаж байсан. Мөн ахмадуудын дунд буухиа тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд 8 хүний бүрэлдхүүнтэй 6 багийн 48 ахмад настан оролцсоноос нэгдүгээр байранд 7-р багийн “Цоглог”, хоёрдугаар байранд “Энэрэл” баг, гуравдугаар байранд 4-р багийн “Золбоо” багууд оржээ. Уг арга хэмжээнд нийт 500 гаруй ахмад настан, хүүхэд багачууд, ард иргэд оролцлоо.