Э.Бат-Очир: Хүүг минь зодсон тогооч бичлэг хийсэн багшийг дарамталсан байсан

Хоолоо идэхгүй байгаа аравхан сартай, ой ч хүрээгүй бяцхан хүүг хайр найргүй алгадан зодох нэгэн эмэгтэйн байж боломгүй аймшигт хэрцгий бичлэг өчигдөр онлайнаар цацагдаж, олон ч эцэг эх хүүгийн өмнөөс өр нь өвдөж, хүний ёсноос гадуур үйлдэл хийсэн тэр эмэгтэйг хатуу цээрлүүлэх хэрэгтэй гэцгээж байв. Энэ явдал Дундговь аймгийн “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгт болсон юм. Тус цэцэрлэгийн тогооч эмэгтэй бусдын хүүхдийг хоол идэхгүй байна гэх шалтгаанаар тарчлаан зодож буй нь дээрх бичлэгээс тод харагдаж буй. Энэ хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлжээ. Мөн Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн "Оюуны хөгжил" цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон байна. Багшдаа зодуулсан хүүгийн аав Э.Бат-Очиртой холбогдож, тодруулга авлаа.
-ХООЛЫГ НЬ НЭМЭХ ХҮСЭЛТ ТАВЬСАН-
-Хүүг тань зодож буй хувийн цэцэрлэгийн тогоочийн бичлэг олон нийтийн дунд тарлаа. Олон ч хүн энэ асуудалд хатуу хариуцлага оноох ёстой гэж үзэж байна. Та энэ бичлэгийг хэзээ олж үзэв ээ?
-Цэцэрлэгийн хүүхдүүд зодуулдаг гэх мэдээ мэдээлэл өмнө нь ч гардаг байсан. Гэтэл миний хүүг бас ингээд зодоод байж байна гэж төсөөлөөгүй. Хүүгээ цэцэрлэгийн тогооч хүүхэнд зодуулж байгаа бичлэгийг хараад үнэхээр шоконд орсон. Өнгөрсөн аравдугаар сарын 19-ний өдөр тэр бичлэгийг хийсэн байтал бид бараг хоёр сарын дараа л энэ талаар мэдлээ.
-Бичлэг дээр хоол өгөх гээд зодоод байсан. Танай хүүхэд хоолондоо муу байсан уу?
-Бичлэг хийдэг өдрийн өмнөх өдөр хүү маань цэцэрлэгээс ирэхдээ их өлсчихсөн ирсэн л дээ. Тэгэхээр нь маргааш өглөө нь хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө удирдлагуудад нь гомдол мэдүүлсэн. Хүүхэд гэртээ ирэхдээ өлсөж ирээд байна, хоолыг нь жаахан нэмж болдоггүй юм уу гэж хэлсэн юм. Харин цэцэрлэгийн эрхлэгч нь төрсөн дүү болох тогоочдоо манай хүүхдийн хоолыг нь нэмж өгөөрэй, ар гэрийнхэн нь гомдол мэдүүлсэн гэж хэлсэн юм шиг байна билээ. Тэгсэн нөгөө тогооч нь тэр хүүхдийг би өөрөө хооллоно гэж нэлээд шаралхаад орохоор нь багш нь утсаа бичлэг дээр нь тавиад цонхон дээрээ байрлуулчихсан юм билээ. Ингэж л миний хүүг зодсон, харахаас нүд халтирам бичлэг бичигдсэн байсан. Энэ тогоочийг Ж.Отгонтөгс гэдэг. Цэцэрлэгийн эрхлэгчийн төрсөн дүү. Тиймээс бусдынхаа дэргэд илүү давуу эрхтэй, бусад багш нараа дээрэлхдэг байсан гэж байгаа.
-ХҮҮ МИНЬ МУУХАЙ ААШЛАХ БОЛСОН-
-Бичлэг хийсэн багшийг энэ байж боломгүй үйлдлийг харсан байж болиулаагүй гэж иргэд маш их дүргүйлхэж байгаа. Тиймээс тогоочтой нь хамт хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байна. Та санал нийлэх үү?
-Анх тэр бичлэгийг багш нь бичсэнийг мэдээгүй. Тэгээд бид аравдугаар сарын 19-ний өдрийн цэцэрлэгийн бичлэгийг шүүлгэхэд тийм бичлэг байгаагүй. Харин бичлэгийг ангийнх нь багш гар утсаараа хийсэн юм билээ. Багш нь тэр тогоочийг урьд нь хүүхэд зоддог гэдгийг мэдэж байсан гэсэн. Тэгээд баталгаажуулах байдлаар хийсэн юм шиг байна. Хамгийн гол нь тэр тогооч хүүхнээс айсан юм шиг байгаа юм. Тэр тогооч эмэгтэй захирлынх нь дүү гэдэг утгаараа их эрх мэдэлтэй, бусдаар юм хэлүүлдэггүй ааштай гэсэн. Бичлэг хийсэн багшийн хувьд залуу хүн. Ажлаас халагдахаас айсандаа тухайн үед болиулж чадаагүй юм шиг байсан. Өмнө нь ийм үйлдлүүд гаргаад байхаар нь багш нь тогоочид хэлсэн байгаа юм. Гэтэл "Чамд хамаагүй. Ажлаас чинь халуулчихаж чадна шүү. Ажилтай байх эсэхийг чинь би шийднэ” гэх зэргээр дарамталдаг байсан гэсэн. Тэгээд л ямар нэг аргаар энэ бузар булайг илчлэхийн тулд нууцаар ч болов бичиж авсан нь энэ юм билээ.
-Танай хүүхэд энэ цэцэрлэгт хэзээнээс явж эхэлсэн бэ. Бас энэ хугацаанд хүүхдийн тань биед ямар нэгэн зодуурын шинж тэмдэг ажиглагдаагүй юу?
-Анх цэцэрлэгт явж эхэлсэн үеэсээ л толгой нь өвдөж, халуурдаг болсон. Гэхдээ бид багшдаа зодуулдаг талаар төсөөлөө ч үгүй байсан юм. Эмнэлэгт үзүүлэхээр рахиттай байна, гэдэс нь гүйлгэж, толгой нь өвддөг ийм ханиад гадуур байгаа гэх мэтчилэн эм бичиж өгдөг байсан. Одоо хүү маань унтаж байхдаа гар, хөл нь татдаг, толгойгоо сэгсэрч уйлаад байдаг болсон. Аймгийн эмнэлгээс тоймтой юм хэлэхгүй байгаа учраас ажлаасаа чөлөө аваад хүүгээ хотод үзүүлэх талаар бодож байна. Одоо бодоход багшдаа зодуулдаг байснаас л болж гэж бодож байна. Хэдэн ч удаа зодсон юм, бүү мэд. Хүүгийн маань ааш зан ч эвдрээд, муухай аашлах болсон.
-Таны хүүхдээс өөр хүүхдүүд ч зодуулсан байж болзошгүй шүү дээ. Бусад эцэг эхчүүдтэй холбоо тогтоож, энэ асуудлаар уулзсан уу?
-Мэдээж өөр зөндөө хүүхэд зодуулж байсан байгаа. Баримт нотолгоотой нь л манай хүүгийнх болохоос биш бусад хүүхдүүдийг ч мөн адил зоддог гэж байгаа юм. Олон удаагийн үйлдэл цаана нь бий. Би хүүгийнхээ ангийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдтэй уулзаж, бүгд хуулийн байгууллагад хандахаар шийдсэн. Учир нь энэ ганц удаагийн үйлдэл биш, ганцхан миний хүү ч зодуулаад байдаг биш, бүгд л зодуулдаг байсан байгаа юм.
-Цэцэрлэгийн үйл ажиллагааг хэзээ зогсоов?
-12-р сарын 01-ний орой бид бичлэгийг олж хараад, 02-ндоо аймгийн Мэргэжлийн хяналтын газарт очиж хандахад “Оюуны хөгжил” цэцэрлэгийг хаана гээд лацаа аваад гарсан ч тэр өдрөө хаагаагүй байсан. Харин өчигдөр хааж, хүүг маань зодсон тогооч болон бичлэг хийсэн багш хоёрыг ажлаас нь халсан гэдгийг мэдэгдсэн. Бид хүүхдийг маань зодсон эмэгтэйд гомдолтой байна гээд Дундговь аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Одоогоор хэргийг шалгаж байгаа. Хуулийн байгууллагынхан буруутай хүмүүст хариуцлага тооцох байх гэж найдаж байна. Цаашид цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг хянаж, өрөөнүүдийг камержуулж, хэн хэндээ хяналттай байх хэрэгтэй юм шиг байна. Миний хүү шиг хохирох балчир үрс битгий нэмэгдээсэй гэж хүсч байна.









