Цаасны дарамтыг багасгавал иргэддээ илүү ойртоно гэж Дорнодчууд үзэж байна

2014 оны 5 сарын 07

ЗГХЭГ-аас орон нутагт зохион байгуулж байгаа “Баг-иргэний засаг захиргаа” хэлэлцүүлэг Дорнод аймагт үргэлжиллээ. Дорнодын 14 сумын 66 багийн Засаг дарга нарын 60 шахам хувь нь олон жил ажилласан дадлага туршлагатай хүмүүс байна. Иймээс тэд төрөөс хангамж хүсэхээс илүү асуудал бэрхшээлээ нэгтгэн цэгцтэй илэрхийлж байсан юм.

Төрийн ажлыг иргэд, айл өрхөд хүргэх анхан шатны нэгжийн үүргээ биелүүлэхэд “цаасны ажил” хамгийн их дарамт болж байна гэж тэд хэллээ. Зээл авах, ажилд орох, олон төрлийн бүртгэлд хамрагдах гэсэн иргэдэд өдөржин хаягийн тодорхойлолт бичиж суухыг халах нэг гарц нь ТҮЦ машин гэж багийн Засаг дарга нар үзэж, сумдад даруйхан суурилуулахыг хүслээ. Энэ хэлэлцүүлэгт оролцож байх хооронд ч тодорхойлолт бичүүлэх гэсэн иргэд утасдсаар байгааг учирлаж байв.

Банкинд, цагдаад, байгууллагуудад хаяглан тодорхойлолт бичихээс гадна шилжилт хөдөлгөөний 8 төрлийн бүртгэл хийдэг, тулгуу хугацаатай мэдээ судалгаанд цаг наргүй гүйдэг, хог хаягдалд хүртэл хяналт тавьдаг гээд өдрийн ихэнх цагаа дээд шатны албан тушаалтнуудын туслан гүйцэтгэгч болж өнгөрөөдөг. Сүүлийн үед эрүүлжүүлэх байрнаас иргэдээ хүлээж авах, мал, махны гарал үүслийн тодорхойлолт гаргах гэсэн шинэ ажлууд багийн даргад нэмэгдээд байгааг учирлалаа. Багийн Засаг дарга улс төрийн албан тушаалтан гэсэн ангилалд багтдаг учраас дээд шатны байгууллага, албан тушаалтнуудын элдэв уулзалт, сургалт, хэлэлцүүлгийн зар хүргэх “албан бус” ажилд байнга дайчлагддаг. Иймээс багийн Засаг даргыг төрийн захиргааны ажилтан болгох нь хамгийн зөв гарц гэсэн санал дэвшүүллээ. Төрийн байгууллагууд, тэр дундаа агентлагууд сумаар дамжуулалгүй шууд багт хандан олон төрлийн мэдээ тайлан гаргуулдаг гэнэ. Долоо хоног тутамд шахам нэхдэг ийм тайлан мэдээ нь эргээд улсын статистик алдаа хуудуутай гарах анхдагч шалтгаан болж байна гэлээ.

Тус аймгийн 70 мянган хүний 70 шахам хувь нь аймгийн төв Хэрлэн сумандаа суурьшжээ. Хэрлэн сум 10 багтай, нэг баг доод тал нь 2500 хүнтэй байна. Төвийн баг Засаг дарга, нийгмийн ажилтан, судалгааны ажилтан гэсэн 3 орон тоотой, гэрээгээр хэсгийн ахлагч ажиллуулдаг ч тэдэнд урамшуулал өгдөггүй учраас голдуу сайн дурын үндсэн дээр зар түгээх ажилд л туслалцаа авдаг байна. Хүн амын тоотой нь уялдуулж орон тоог нь ялгаатай тогтоохгүй бол хөдөөгийн 2000 хүнтэй суманд 17 албан хаагч ажиллаж байхад төвийн том багт 3-хан хүн хаанаа ч хүрч чадахгүй байна. Бас бүртгэл, судалгаа, тодорхойлолт хийх зарим ажлыг хариуцсан байгууллагын мэргэжилтнүүдэд нь шилжүүлмээр байна гэж Засаг дарга нар санал нэгтэй хэллээ. “Багийн иргэдийн нийтийн хурлын дарга гэж бидний дээр ч юм шиг, доор ч юм шиг ажил үүрэг нь тодорхойгүй байна” гэж зарим нь дурьдлаа.

Дорнод аймгийн хөдөөгийн 56 багт ч бас олон бэрхшээл байна. Хөдөөгийн багийн дарга ганцаараа ажилладаг. Зуу зуун км-ээр алслаад нүүсэн малчин айл өрхөөрөө явсан хойгуур нь тодорхойлолт бичих, бичиг цаасны ажил амжуулах “ажлын алба”-нд ядаж нэг хүн зайлшгүй хэрэгтэй байна гэж хөдөөгийн багийнхан үзлээ. Бэлчээрийн менежмент, худаг ус, байгаль орчны хяналт гээд хөдөөгийнхөн л ойлгох олон ажлыг тэд хариуцдаг ч суух албан байр, ашиглах техник хэрэгслээс эхлээд гачигдал их байна.

Гэхдээ энэ чиглэлд Дорнод аймгийн удирдлагууд анхаарч байна. 2008 оноос эхлэн багийн Засаг дарга нараа ажиллах байртай болгох, унаажуулах, техник хэрэгслээр хангах ажлыг үе шаттай хийж, өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр 700 сая төгрөг зарцуулсан. Энэ онд гурван багт ажиллах байр шинээр барих, сэргээгдэх эрчим хүчээр хангах, цахилгаан дамжуулах кабел шугам татах, худаг гаргах, мал угаалгын газар байгуулах зэрэг тохижилтын ажлууд төлөвлөөд байгааг аймгийн Засаг дарга С.Ганбат онцолж байв.

Амьдрах ухааны сургалтаас бичил бизнесүүд төржээ

Тулгамдсан асуудлуудыг нь сонсохоос гадна бусаддаа туршлага болохуйц багуудын ажлаас энэ хэлэлцүүлэгт зориулж ЗГХЭГ танилцуулж байгаа юм.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р баг орон нутагтаа олон шинэлэг ажил хийснээрээ үлгэр жишээ болжээ. Эднийх 639 өрхийн 2248 иргэнд төрийн үйлчилгээ хүргэх үүрэг хүлээдэг, эдийн засаг-нийгмийн үзүүлэлтээрээ сумтай адил баг юм. Төвийн баг учраас хэсгийн зохион байгуулалттай, хэсэг бүрийг хариуцсан ахлагч гэрээгээр ажиллуулдгаараа хөдөөгийн цомхон багаас ялгаатай. Багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, эрх үүргийг нь тодорхойлдог нь энэ багийн нэг шинэлэг ажил. Үүний зэрэгцээ төр, хувийн хэвшлийн байгууллагуудтайгаа хамтран зах зээлийн нийгэмд яаж бүтээлч амьдрах арга ухааныг иргэд, өрхүүддээ зааж зөвлөсөн олон төрлийн сургалт зохион байгуулж хэвшүүлжээ. “Өрх бүр тариаланч”,  “Хуримтлал бий болгох арга зам”, “Эрүүл мэнд–Амьдрах ухаан”, “Аз жаргалд хүрэх 10 нууц” зэрэг сургалтын үр дүнд олон айл өрх жижиг, дунд бизнес эхлүүлж, зээлийн дэмжлэгт хамрагдсан гэнэ.

“Цаашид манай баг аялал жуучлал, фермер, эрчимжсэн мал аж ахуйн бүс болон хөгжих боломжтой” гэж тус багийн Засаг дарга А.Нарангэрэл хэллээ. Мөн аймагтаа анхны эко хотхон хороололтой баг болох, Монгол дайчдын хөшөөний урд цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилт тавьж байгаагаа дурьдлаа.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2659
0 эможи
keyboard_arrow_up