Б.Ганхуяг: Ханбогдод үхсэн бод мал цианитад хордсон байж болзошгүй

Хүйтний улирал эхэлж малын гоц халдварт өвчний дэгдэлт нэмэгджээ. Энэ талаар МХЕГ-ын мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Ганхуягаас тодрууллаа.
-Малын халдварт өвчин улсын хэмжээнд ямар байгаа талаар мэдээлэл өгөөч?
-Энэ онд малын халдварт өвчний тархцын байдал өмнөх оныхтой харьцуулбал гоц халдварт өвчний асуудал нэлээд яригдаж байна. Олон улсын худалдааны хөл хориот шүлхий, гахайн мялзан, хонины цэцэг өвчний тохиолдол гурван аймгийн найман цэгт голомт үүссэн. Он гарсаар гоц халдварт өвчнөөс гадна халдварт боом, галзуу, цусан халдварт зэрэг найман төрлийн өвчний тохиолдол давхардсан тоогоор 20 аймгийн 140 суманд 170 гаруй бүртгэгдсэн. Шүлхий Ховд, Баян-Өлгий аймагт гараад байгаа. Баян- Өлгий аймгийн малд хоёр дахь ээлжийн вакцин хийж дууссан. Хорио цээр удахгүй тавигдана. Харин хонины цэцэг өвчин оны эхнээс гарсан. Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Хэнтийн 16 сумыг дамжсан энэ өвчин одоог хүртэл зүүн аймгийн сумдад дарагдаагүй байна. Ер нь вирусын халдварт өвчний тархац хүйтрэх тусам идэвхэждэг.
-Гоц халдварт өвчний тохиолдол өмнөх оныхоос нэмэгдсэн гэлээ. Ямар учиртай юм бол?
-Хамгийн гол нь устгал, ариутгал, халдваргүйжилт бүрэн гүйцэд хийгдэхгүй байна. Мөн хөрөнгө санхүүтэй холбоотойгоор өвчтэй малыг бүрэн устгаж чадахгүй байна. Түүнчлэн энэ жилийн хувьд халдварт өвчний 40 хувийг галзуу өвчин эзэлж байна. Говь-Алтай, Хэнтий, Өвөрхангай, Булган, Увс аймагт бүртгэлтэй байгаа. Өвчин үүсгэгч нь чоно, хярс, үнэгний шүлсний булчирхайд хадгалагддаг. Тэдгээр амьтан өвчлөхөөр шүлсэнд нь галзуугийн вирус идэвхжиж эхэлнэ. Өлөн амьтан малд халдаадаг. Өвчний тохиолдол нэмэгдэх шалтгаан нь ган зуд, зэрлэг амьтны хоол тэжээлийн хомсдолтой холбоотой. Мөн хүний үйл ажиллагаатай ч тэр.
-Өмнөговь аймгийн Ханбогд суманд бод мал учир битүүлэг шалтгаанаар үхсэн мэдээлэл байгаа. Энэ тал албаныхан ажиллаж байна уу?
-Ханбогд суманд бод мал үхсэн асуудлаар комисс ажилласан. Өнөөдөр дүнгээ гаргахад ботулизм өвчин биш болох нь тогтоогдсон. Тухайн газарт өмнө нь 2008 оноос олборлолт явагдаж байсан юм билээ. Олборлолтын үед цианит хэрэглэж байсан байж болзошгүй. Энэ зун Өмнөговьд хур бороо их орсноор урсч ил гарсан байх магадлалтай гэсэн таамаглал байгаа. Хоёрдугаарт тахь, адуу хөлөөр самардаж гаргадаг татаал усанд цианит байснаас мал хордсон байж болзошгүй гэж үзэн тохирох эмчилгээг хийж эхэлсэн.









