Замын-Үүд суманд 90 мегаватын хүчин чадал бүхий дулааны станц баригдлаа

Замын-Үүд сум өмнө нь 10 гаруй уурын зуух ашиглаж дулааны асуудлаа шийддэг байсан нь агаарын бохирдлоос эхлээд иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг хангаж чаддаггүй байжээ.
Харин 90 мегаваттын хүчин чадал бүхий дулааны станц байгуулагдсанаар зөвхөн сумын хэрэгцээг хангаад зогсохгүй Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хэрэгцээг ч бүрэн дүүрэн хангах боломж бүрджээ. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд сумын дулааны нийт хэрэгцээ 20 мегаватт орчим байгаа юм.
Замын-Үүд суманд баригдсан 90 мегаваттын хүчин чадал бүхий дулааны станц суманд баригдсан анхны станц гэдгээрээ онцлогтой. Энэ станц тус бүр нь 29 мегаватын хүчин чадалтай 3 зуухтай бөгөөд дулаан хангамжийн багц ажлын хүрээнд 16 сая орчим долларын өртгөөр босчээ. Илүү тодорхой хэлбэл, дулааны станцын хамтаар 20 гаруй км урт, 920-иос 160 мм-ын голчтой дулааны шугам хоолойг татсан, мөн дулаан дамжуулах 12 төвийг барьж байгуулсан гэдгийг төслийн менежер Г.Үнэнбат хэлж байна.
Замын-Үүдийн дулааны станцыг Шивээ-Овоогийн нүүрсний илчлэг, чанар дээр тохируулж техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулсан. Тиймээс 2.5 км нүүрс тээвэрлэх төмөр замыг ч мөн татжээ. Бүтээн байгуулалтын дээрх ажлууд нь Замын-Үүд сумын төдийгүй Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн дэд бүтцийн суурь нөхцөлийг сайжруулахад ч томоохон нөлөө үзүүлнэ гэдгийг Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Галбадрах онцолж байлаа.









