Сумын төвүүд эзгүйрч байна
Сумын төв эзгүйрч байна гэхээр хот руу цувах шилжилт хөдөлгөөнтэй холбож ойлгож магадгүй юм. Мэдээж нийслэлийг чиглэсэн шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор сумын төв эзгүйрч байгаа нь үнэн. Гэхдээ энэ удаад Улаанбаатарыг чиглэсэн шилжилтийг хөндөх гэсэнгүй.
Тэртэй тэргүй улс орон буруу системээр яваад, бид хотдоо шавдагаа шавчихсан. Тэгвэл энэ удаад иргэд албаны ажлаа хаяад ч хамаагүй самранд явж байгаа учраас сумын төв эзгүйрээд байна. Ёстой л нөгөө хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөнө гэдэг шиг унаатай нь машинаараа, унаагүй нь дайгдаад ч хамаагүй уул руу зүтгэж байгаа сурагтай.
Учир нь энэ жил самар тун сайн ургасан гэнэ. Дээрээс нь нэг кг самрын үнэ ч өссөөр байгаа нь сумаараа уулыг зорих суурийг “цутгаж” өгсөн бололтой юм. Улаанбаатар хотын гудамжаар дүүрэн самар зарж байгаа нөхдүүд байгаа даа. Тэд дунд зэргийн буюу 300 грамм л самар орж чадах уу, үгүй юу гэмээр шилэн аягатай самрыг 2,000 төгрөгөөр зарж байгаа. Үүнээс үзвэл нэг кг самар 6,500 төгрөг орчим болоод байгаа юм. Харин хөдөөгүүр нэг кг самрыг 3,500-4,000 төгрөгөөр худалдаж авч байна гэнэ.
Ерөнхийдөө хятад ченжүүд их хэмжээгээр самар худалдаж авч байгаа сураг байна. Түүнээс гадна Монголын нэр хүнд бүхий хүмүүс ч самар их хэмжээгээр авч байгаа юм уу даа, янз нь. Иргэд тэгж ярьж байна билээ. Ямар ч байсан эдийн засаг хүндэрсэн, цалин мөнгө нь цагтаа буухгүй байгаа энэ үед иргэд байгалийн баялаг, самар, жимсээ түүж амьдралаа залгуулж байгаа.
Түүнээс нь болоод дараа жил самар бага гарах нөхцөл байдлыг бий болгож ч болох юм. Манай албаныхан болохоор хүмүүсийн эрүүл мэндийн талаар яриад байсан. Зөв л дөө. Гэхдээ байгаль орчин сүйдэж байгаа талаар ярихгүй шахуу байна. Одоо ч ялгаагүй.
Хүн бүр л хэд хоног самар түүгээд, нэг дор хэдэн зуун мянга, цаашлаад саяар тоологдох мөнгө олохыг бодож эхэлж. Сум битгий хэл аймгийн төв, цаашлаад албан байгууллагууд эзгүйрэх нь. Бүр оюутнууд сарын чөлөө аваад самранд явж байна. Муу ёрлож байгаа юм биш, хэд хоногоос энд тэнд бага сага түймэр гарч, улсад хор хохирол учруулж ч магадгүй. Түүнээс гадна хуш модны самар гэдэг дэлхийн олон оронд ургаад байдаггүй байгалийн цэвэр бүтээгдэхүүн. Юун газрын самар, энэ тэр. Хажууд нь үнэт эрдэнэ мэт зүйл шүү дээ.
Гадаад оронд хуш модны самрыг 2-3-хан ширхгийг хоолны хачир маягтай том тавган дээр тавьж, үнэтэй зардаг гэсэн. Гэтэл ингээд л толгойтой болгон уулнаас нь буулгаж, түүхийгээр нь өмнөд хөрш рүү гаргаад л байдаг. Уг нь боловсруулаад, тос энэ тэрийг нь аваад зарвал аятай юу.
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин









