Сувилагчдын онол практикийн бага хурал боллоо
Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд “Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор сувилагчдын онол практикийн бага хурлыг даваа гарагт зохион байгуулсан байна.
Уг хуралд Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хархорин сумын нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвөөс шалгарсан сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн 18 илтгэл хэлэлцэгдлээ.
Илтгэлийг Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, Хяналт шинжилгээ, үнэлгээ, эмнэлгийн тусламжийн чанар, халдварт бус өвчин, сувилахуйн асуудал хариуцсан НЭМ-ийн магистр, мэргэжлийн ахлах болон тэргүүлэх зэрэгтэй мэргэжилтнүүд шүүж, сэдэв, агуулга, зорилт, дүгнэлтэд нийцэж буй эсэх, практик ач холбогдол, судалгааны аргачлалаас хэрхэн оновчтой сонгосон, статистик боловсруулалт хийсэн байдал, илтгэгчийн ур чадвар, цаг ашиглалт зэрэг шалгуураар үнэлж, шалгаруулалт хийсэн.
Шүүгчдийн онооны нийлбэр дүнгээр:
• Тэргүүн байрт - БОЭТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн нярайн сувилагч Р.Энхцацрал, С.Байгальмаа, Ц.Алтанцэцэг нарын “Нярайд хийгдэж буй усан эмчилгээний үр дүнд үнэлгээ өгөх нь”,
• Дэд байрт - Уянга сумын ЭМТ-ийн вакцинатор сувилагч Г.Тунгалагийн “Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн бичилтэд хийсэн судалгаа”,
• Гутгаар байрт - Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн рентген техникч Ж.Гэрэлийн “5 хүртэлх насны хүүхдүүдийн цус багадалтын түвшинг үнэлэх нь” зэрэг илтгэлүүд шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Энэ удаагийн онол практикийн бага хурал нь судлаачдын тоо өмнөх оноос 33,3% нэмэгдсэн, эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал шийдвэрлэх арга замыг тодорхойлсон, сайн туршлагыг үйл ажиллагаанд нэвтрүүлж үр дүнг тооцсон байдлаараа онцлог боллоо.