Буриадын клиник эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

2015 оны 4 сарын 27

Дархан-Уул аймгийн төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 20 гаруй удирдах ажилтнууд Буриад улсын Н.А. Семашкогийн нэрэмжит Клиникийн эмнэлгийн туршлагатай танилцлаа.

Тус эмнэлэг нь 91 жилийн хөгжилтэй, Буриад улсын тэргүүлэгч эмнэлэг бөгөөд өвчтөн бүрт чиглэсэн, иж бүрэн оношлогоо, чанартай, аюулгүй эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг бөгөөд хэвтүүлэн эмчилэх 27 тасаг нэгж, 899 ортой, дотоод шүүрэл, цус судлал, сонсгол судлал, хэл ярианы эмгэг судлал, гастроэнтерологийн есөн төвтөй аж.

2015 онд Клиникийн эмнэлгийг шинээр байгуулж, орчин үеийн оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдож, тархины судасны мэс засал, судасны хавдарын эмболизаци, зүрхний олдмол, төрөлхийн гажиг, хавдар гэмтлийн мэс ажилтбарууд, артер венийн судасны сэргээн засах хагалгаа, бөөр, нойр булчирхай, цээжний хөндийн мэс засал зэргийг амжилттай хийж эхлээд байна.

Туршлага судлах аялалын хүрээнд Буриад улсын Эрүүл мэндийн яамны сайд В.В.Кожевников, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Госхот Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Ганболд нарыг хүлээн авч уулзаж, хамтран ажиллах чиглэлээр ярилцсан байна.

Мөн энэ үеэр тус Клиникийн эмнэлгийн захирал Е.Ю.Лудупова, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл нар эмч, мэргэжилтнүүдийг солилцож ажиллуулах, эмчилгээ оношлогооны шинэ арга технологоос харилцан суралцах, өвчтөн үйлчлүүлэгчдийг илгээж, тусламж үзүүлэх зэрэг асуудлыг тусгасан “Хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсан.

Энэхүү гэрээний дагуу ирэх сард Буриад улсын нарийн мэргэжлийн эмч нарын эхний багийнхан Дархан-Уул аймагт ирж, хүн амд үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийхээр болсон нь эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах, хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх шинэ боломжийг бүрдүүлээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21207
0 эможи
keyboard_arrow_up