Сүхбаатарчууд түймэрт хохирсон иргэдэд туслах хандивын аяныг өрнүүлж байна
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт гарсан хээрийн түймэр Түмэнцогт сумын нутаг дэвсгэрийг дайран өнгөрч хангайн уул, мод, олон айлын өвөлжөө, олон км газар шатсан. ОБЕГ-аас түймэрийг бүрэн унтрааж, голомтыг тасалсан гэдгийг өнөөдөр мэдэгдсэн. Одоогоор түймэрт хэчнээн айл шатаж, байгаль орчинд хэдий хэмжээний хохирол учраад байгааг тодорхой хэлэх боломжгүй гэсэн юм. Урьдчилсан мэдээгээр бол Сүхбаатар аймагт 16 айлын гэр шатсан гэж буй. Эдгээр айлуудад улсын нөөц сангаас гэр олгохоор шийдвэрлээд байгаа юм байна.
Түүнчлэн түймрийн улмаас тус сумын баруун, зүүн, хойд талын айлууд үндсэндээ бэлчээргүй болсон. Мөн цурманд хүн, мал байх аргагүй тул зайлшгүй нүүх шаардлагатай болоод байгааг нутгийн иргэд хэлж байна.
Иймд Түмэнцогт сумын залуучууд “Сэтгэлийн дэм-дуслыг хурааж далай” аяныг өрнүүлж, гэр, мал нь шатсан, түймэрт хохирол амсаад байгаа иргэдэд туслахаар болжээ. Байгалийн аюулт үзэгдлээс болж хохирол амссан иргэдэд туслах аянд хүн бүр оролцох боломжтой юм. 5000649221-Хандивын дансанд хүн бүхэн нэгдэж, хандив өгөхийг уриалж байна.
Тус сумын иргэд залуучууд Сүхбаатар аймгийг зорьж, газар дээр нь очиж, ажиллах явж буй зураг цахим ертөнцөөр цацагдсан. Энэ мэт Монгол Улсын иргэн хэн ч бай түймэрт хохироод байгаа иргэд, малчдад туслаарай.
Ц.Цацрал









