Болдоггүй “Хөтөлийн цагдаа”

Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл тосгоны Цагдаагийн хэсгийнхэн нэг жил гаруйн хугацаанд жирийн гурван иргэнийг автомашинаар дайрч, амь насыг нь бүрэлгэв. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт тус хэсгийн цагдаа, ахлах ахлагч Д.Баярсүрэн орон нутгийнхаа замд машин жолоодож яваад хүний аминд хүрсэн байна. Өдгөө түүнийг Дархан-Уул аймаг дахь Цагдан хорих төвд саатуулаад байна. Энэ хэргийн дараа Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Энхбаяр өнгөрсөн амралтын өдрүүдэд тус суманд очиж цагдаагийн алба хаагчидтай уулзжээ. Магадгүй тус хэсгийн даргыг өөрчлөх саналаа ЦЕГ-т хүргүүлэхээр болсон байх гэх мэдээллийг орон нутгийнхан өглөө. Өнгөрсөн оны есдүгээр сард Хөтөлийн цагдаагийн хэлтэсийн дарга Б.Саранбаатар жолооч, ахлагч Ц.Ууганбаатартаа хууль бус тушаал өгч, урсгал сөрөн давхиулснаас болж Сүхбаатар дүүргийн нутагт хичээлдээ явж байсан 12 настай охиныг дайрч бүрэлгэсэн. ЦЕГ-ын удирдлага үүний дараахан Б.Саранбаатарыг байгууллагаас халж, ажил сайжруулах зорилгоор хошууч Г.Эрдэнэбат гэдэг хүнийг томилсон юм. Гэвч тус хэсгийн ажил сайжраагүйгээр үл барам жижүүрийн цагдаа нь дахин хүний амь хөнөөлөө. Дээрх хоёр ослоос өмнө хоёр дахь хэргийн холбогдогч Ц.Ууганбаатарын дүү Хөтөлийн Цагдаагийн хэсгийн эрүүгийн төлөөлөгч Ц.Ууганжаргал согтуудаа машин жолоодож яваад хүн дайрч, хөнөөн ял шийтгүүлчихээд байгаа юм.









