Завхан аймгийнхан ”Авьяас хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд өндөр үнэлгээ авчээ

Дэлхий ертөнц даяарчлагдан, нийгмийн харилцаанд мэдээллийн технологи, техникийн дэвшил нэвтрэх тусам хүний байгалиас заяагдмал төрөлх шинж саармагжиж, амьдралын үнэт зүйлийн тухай ойлголт өөрчлөгдөн, уламжлалт ёс суртахууны үнэ цэн буурч байна.
Иймд хүүхэд бүрийг авьяас чадварт нь тулгуурлан хөгжүүлэх үйл ажиллагааг олон нийтийн оролцоо, шинжлэх ухааны үндэстэйгээр зохион байгуулах, үндэсний хэмжээнд олон салбарын дэмжлэгтэйгээр хүүхдийн хөгжлийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн БСШУ-ны сайд тушаал гарган Монголын хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх “Авьяас” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
Энэ хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнтэй танилцахаар БСШУ-ны сайд Л.Гантөмөр тэргүүтэй ажлын хэсгийнхэн Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгуудад ажиллаа. Завхан аймгийн тухайд онцлогтой. Зөвхөн цөөн тооны хүүхдийн авьяасыг хөгжүүлэх бус аймгаараа Морин хуур, шатар, комьютер бүрэн эзэмшиж чадсан.
Түүний Завхан аймгийн Засаг дарга байхдаа эхлүүлсэн "Гурван тулгуурт бодлого" нь өнөөдөр тус аймагт амжилттай хэрэгжиж өрх бүрийн хүүхдүүд морин хуур, шатар, компьютерийг бүрэн эзэмшсэн юм билээ. БСШУ-ны сайдыг Завхан аймагт ажиллах үеэр УИХ-ын гишүүн Я.Санжмятав аймагтаа хамт ажилласан байна.
Энэ үеэр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 465 хүүхэд бүжгээр хэрхэн чадваржиж байгаагаа харуулж, Авьяас хөтөлбөрийн хүрээнд 250 морин хуурч чадвараа гайхуулан хуурдсан байна.
БСШУ-ны сайд Л.Гантөмөр үүний дараа Завхан аймгийн Чандмань-Эрдэнэ лабортори сургууль дээр ажиллажээ. Тус сургуулийн 4-р ангийн хүүхдүүд өөрсдийн зохиосон бодлогыг 36 аргаар боддог, Индукаторын цаас ашиглан жимсний хүчиллэг шинжийг судалж байгаа, Биологийн хичээл дээр навчны нимгэн хэсгийг томруулан судалж тэмдгэлгээ хийж буйгаа сайдад үзүүлжээ.









